Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Д.Дэлгэрсайхан, Т.Сүхболд нарыг томиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-01-04 11:17:55

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв.


Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Хорооны гишүүний тавыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор УИХ нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасан. Энэ дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооноос Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан, Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд нарын нэрийг дэвшүүлсэн юм. 


Нэр дэвшигч Д.Дэлгэрсайхан нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. Компьютерын ухааны докторант, эрх зүйч, системийн шинжээч мэргэжилтэй, улсад 25 жил ажилласан. 1992-1997 онд МУТИС, Компьютерын техник, менежментийн сургуульд програм зохиогч, инженер мэргэжлээр, 1997-1999 онд тус сургуульд програм хангамж мэргэжлээр компьютерын ухааны магистрын зэрэг хамгаалсан. 2008-2011 онд мөн сургуульд програм хангамж мэргэжлээр компьютерын ухааны докторантаар суралцаж, 2019-2022 онд Орхон их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн байна.


1997-2004 онд МУТИС, Компьютерын техник, менежментийн сургуульд  багш, ахлах багш, 2004-2011 онд “Старсофт” ХХК-ийг үүсгэн байгуулагч, төслийн удирдагч, 2006-2012 онд “Старс” дээд сургуулийг үүсгэн байгуулагч, захирал, 2011-2014 онд “Нью Прогресс Групп” ХХК-ийн Мэдээлэл, технологийн газрын захирал, дэд захирал, 2014-2016 онд “Эй Ти Инженеринг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, 2016-2020 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга,  2020 оноос Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа аж.


Нэр дэвшигч Т.Сүхболд 1980 онд төрсөн, Төрийн удирдлагын менежер, Хууль зүйн ухааны магистр цолтой. 2001 онд Эдийн засгийн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр, 2005 онд Цагдаагийн академийг эрхзүйч мэргэжлээр төгсөж, 2010 онд Цагдаагийн академид Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. 2012 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежерээр суралцан төгссөн. 1998-2001 онд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст цагдаа, 2005-2007 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгч, 2007-2011 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт Эдийн засгийн төлөөлөгч, 2011-2013 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст, ахлах төлөөлөгч, 2013-2016 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст, ахлах төлөөлөгч, 2016-2017 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газарт ахлах мэргэжилтэн, 2017-2018 онд Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст тасгийн дарга, 2018-2020 онд Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, 2020-2023 онд Эрүүгийн цагдаагийн албаны дарга, 2020-2023 онд Эрүүгийн цагдаагийн албаны дэд бөгөөд эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, 2023 оноос Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж буй.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, тайлбар хариулт авав. Ингээд Д.Дэлгэрсайхан, Т.Сүхболд нарыг томилох санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс Б.Ганбат, Ж.Болд нарыг чөлөөллөө.

Холбоотой мэдээ