ДУНДГОВЬ: 2024 онд "Хүүхдийн сан" байгуулж ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-01-11 15:08:31
altantogos

Мандалговь, 2024 оны нэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ-ын хэлтэс, агентлаг, 15 сумын удирдах ажилтнууд 2023 оны ажлаа дүгнэж, 2024 оны зорилго, зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэлэлцэв.


Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, аймгийн зорилтот жилийн ажлын төлөвлөгөө зэрэг бодлого, төлөвлөлттэй уялдуулан, холбогдох журмын дагуу 2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааг нарийн, бодитой төлөвлөж, хэрэгжүүлэхийг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат болон ЗДТГ-ын дарга Л.Доржбат нийт удирдлагуудад үүрэг болголоо гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.



2023 онд тус аймаг “Боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх” жил болгон зорилтоо дэвшүүлж, амжилт гаргасан багш, сурагчдыг урамшуулах, багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэн орон сууцжуулах, бага ангийн сурагчдын эрүүл мэндэд анхаарч “Сүү” хөтөлбөр хэрэгжүүлэх, Үдийн цай хөтөлбөрийн чанарыг сайжруулах, ЭЕШ-д сурагчдаа амжилттай бэлтгэсэн багш нарыг багаар нь урамшуулах, багш нарыг чадавхжуулах зэрэг шат дараатай олон ажлыг амжилттай зохион байгуулжээ.


2024 оныг “Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын жил” болгон зарлаж, хүүхдийн хөгжил, хамгаалалд анхаарч ажиллахаар болсон. Тус ажлын хүрээнд Говийн ирээдүй цогцолбор сургуулийн сурагчдаас гарсан саналын дагуу “Хүүхдийн сан” байгуулах, Солонгос улстай оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, Солонгос хэлний сургалтын төв байгуулах, байгууллага бүр хүүхэд, гэр бүлд чиглэсэн ажлуудыг төлөвлөхөөс гадна, хүүхдийн хамгаалал, гэр бүлийн хөгжлийг дэмжсэн бодитой ажлыг санаачлан хэрэгжүүлэх талаар чиглэл өгчээ.



2024 онд ГБХЗХГ-т бүтцийн өөрчлөлт хийгдэж, Гэр бүл, хүүхэд хамгааллын газар болж байгаа ба залуучуудын асуудлыг хариуцах “Залуучуудын хөгжлийн төв”-ийн бүтэц ЗДТГ-т шилжсэн. Бүтцийн энэхүү өөрчлөлттэй холбогдуулан байгууллага бүр залуучуудын зөвлөлийн судалгааг гаргаж ирүүлэх, улмаар тус бүтцэд тулгуурлан залуучууд руу чиглэсэн үйл ажиллагааг төлөвлөх, байгууллага бүр хүүхэд, гэр бүлд чиглэсэн ажлуудыг төлөвлөхдөө хүүхдийн хамгаалал, гэр бүлийн хөгжлийг дэмжсэн бодитой ажлыг санаачлан хэрэгжүүлэх, тухайлбал: ариун цэврийн байгууламж барих, хөрсний бохирдлыг бууруулах, соён гэгээрүүлэх, хүүхэд гэр бүлд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдэд хамруулах зэрэг томоохон ажлуудыг төлөвлөж ажиллах, дээрх бүх үйл ажиллагааг Гэр бүл, хүүхдийн хөгжил хамгааллын газар манлайлж, санаачилга гарган удирдлагаар хангах шаардлагатай байгааг мөн онцолсон байна.


Түүнчлэн иргэдээс гарсан санал, хүсэлтийн дагуу Ерөнхий боловсролын дунд, ахлах ангийн сурагчдын электрон тамхины хэрэглээнд хяналт тавих, судалгаа хийх, хүүхдүүдэд электрон тамхи борлуулахыг хориглох шаардлагатай эсэхийг судлахаар болжээ.

 


Холбоотой мэдээ