ХӨВСГӨЛ: Аялал жуулчлалын салбарынханд хөнгөлөлттэй зээл олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-01-17 16:08:23

Мөрөн, 2024 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хүрээнд "Хөх баавгай Хөвсгөл" аялал жуулчлалын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.


БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Хөвсгөл аймагт ажиллаж "Хөх баавгай Хөвсгөл" аялал жуулчлалын хөтөлбөрийн талаар иргэдэд танилцуулж, санал солилцож байна.




Тус  хөтөлбөр нь тогтвортой аялал жуулчлалын хөгжлийг эрчимжүүлэх, нутгийн иргэдийн оролцоог дэмжих, соёлын өв, уламжлалаа хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, байгаль орчинд ээлтэй, ул мөргүй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэгдэх бөгөөд аялал жуулчлалын салбарынханд хөнгөлөлттэй зээлийг олгоно гэдгийг онцолж байлаа.


Мөн нутгийн иргэдэд суурилсан аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлж, Хөвсгөл нуур, түүний эргэн тойрны байгалийн цогцолборт газрыг хамгаалах өндөр ач холбогдолтой юм.




Хөвсгөл аймгийн хэмжээнд өнгөрсөн онд  нийт 128451 жуулчин ирснээс 20760 гадаадын жуулчин иржээ.


Жуулчдын 95 орчим хувь нь Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт буюу тусгай хамгаалалттай газарт аялж байна.


Аялал жуулчлалын салбарт 4000 орчим иргэн ажиллаж нэг ээлждээ 9000 орчим жуулчин хүлээн авах хүчин чадалтай нийт 100 жуулчны бааз, 150 гэр буудал үйл ажиллагаа явуулж байна.

 

 

 

Холбоотой мэдээ