Дэлхийн нийтийн тамхины хэрэглээ буурсаар байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДЖЕНЕВ, 2024 оны нэгдүгээр сарын 18 /Anadolu/. Дэлхий нийтийн тамхины хэрэглээ буурсаар байгаа тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) шинэ тайланд дурджээ.
Тайланд дурдсанаар, манай гаргийн насанд хүрсэн таван хүн тутмын нэг нь буюу 1.25 тэрбум хүн тамхи хэрэглэдэг бөгөөд 2000 онд энэ хувь хэмжээ гурван хүн тутмын нэг байсан нь 20 жилийн хугацаанд дэлхий нийтийн тамхины хэрэглээ буурсныг илтгэж байна.
Дэлхийн 150 оронд тамхины хэрэглээг амжилттай бууруулж чадсаныг уг тайланд онцолжээ. Тухайлбал, Бразил, Нидерланд улсууд ДЭМБ-аас санал болгосон тамхидалттай тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлснээр тамхины хэрэглээг бууруулж чадсан байна. Бразилд 2010 оноос хойш 35 хувиар багассан бол Нидерландад 30 хувиар бууруулах зорилгод ойртжээ.
Харин Конго, Египет, Индонез, Иордан, Оман, Молдова гэсэн зургаан улсад тамхины хэрэглээ нэмэгдсэн хэвээр байна.
“Сүүлийн жилүүдэд тамхидалттай хийх тэмцэлд ихээхэн ахиц дэвшил гарсан боловч тайвшрах цаг болоогүй байна. Тамхи үйлдвэрлэгчид олон хүний амь насыг хохироож ашиг олохын тулд юу ч хийхээс буцахгүй байгаад гайхан цочирдож байна” гэж ДЭМБ-ын Эрүүл мэндийг дэмжих газрын захирал Рюдигер Креч хэллээ.
Одоогоор тамхины хэрэглээний үзүүлэлт Зүүн Өмнөд Азийн бүс нутагт хамгийн өндөр байгаа бөгөөд бүс нутгийн нийт хүн амын 26.5 хувь нь тамхи татдаг байна. Хоёрдугаарт, хүн амын 25.3 хувь нь тамхи хэрэглэдэг Европын бүс нутаг оржээ.
Европ тивийн эмэгтэйчүүдийн тамхины хэрэглээ дэлхийн дунджаас хоёр дахин их байгаа бөгөөд бусад бүс нутагтай харьцуулахад хамаагүй удаан буурч байгаа аж. 2030 он гэхэд тус бүс нутагт тамхинаас үүдэлтэй өвчлөлийн түвшин хамгийн өндөр байх төлөвтэй байгааг тайланд дурджээ.
ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн тооцоолсноор, 2025 он гэхэд дэлхийн нийтийн тамхины хэрэглээ 2024 оны түвшинтэй харьцуулахад 25 хувиар буурах төлөвтэй байгаа нь 30 хувиар бууруулах зорилтоос доогуур байна. Дэлхийн 56 улс л энэ зорилтыг биелүүлж чадах аж.
Тамхины хэрэглээг бууруулахын тулд хийх ажил их байгаа тул тамхидалттай тэмцэх хүчин чармайлтаа эрчимжүүлэхийг ДЭМБ дэлхийн улс орнуудад уриаллаа.