Чөлөөлсөн авто зогсоолуудад ногоон байгууламж байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Нийтийн тээврийн салбарыг цогцоор нь шинэчлэхэд дан ганц парк шинэчлэл, маршрут өөрчлөх нь хангалтгүй учир Энхтайваны өргөн чөлөөний зам дагуух авто зогсоолуудыг хааж, ногоон байгууламж болгохыг зорьж байна.
Энэ талаар Нийслэлийн
Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлэхдээ, “Тухайн авто зогсоолуудад ойр орчмын үйлчилгээний
байгууллагын ажилтан, оршин суугчид өдөржин машинаа тавьчихдаг. Төв зам дагуух зогсоолоос
үүдэн нэгдүгээр эгнээгээр зорчиж буй
нийтийн тээврийн хэрэгслийн хурд
удааширдаг. Одоогоор Энхтайваны өргөн чөлөө дагуух 26 карма зогсоолыг хаагаад
байгаа. Автомашин 0-5 км/цаг
хурдтай явахад ялгарах хорт бодисын хэмжээ энгийн үеийнхээс 2-3 дахин их байдаг. Иймд авто болон явган хүний замыг зааглаж буй ногоон байгууламжийн хэмжээг
нэмэн, автомашинаас хүнд нөлөөлөх бохирдлыг тодорхой хэмжээнд хязгаарлахаар
зорьж байгаа” хэмээв.
Нийслэлийн автомашины
тоо сүүлийн 10 жилд 612 мянга
болж нэмэгдсэн ч авто замын сүлжээ 1.8 хувиар өсжээ. Зориулалтын
зогсоол хүртээмжгүйгээс
жолооч нар замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, сул талбай, явган зам, авто замын
зорчих хэсгийн хажууд,
нэгдүгээр эгнээг зогсоол болгож, хөдөлгөөнд саад учруулан, замын хөдөлгөөний
ачааллыг нэмж байгаа аж.
Түүнчлэн, нийтийн тээврийн маршрутыг амралтын өдрүүдэд шинэчилсэнтэй холбоотой иргэд, олон нийтээс ирж буй санал, хүсэлтэд үндэслэн өмнө нь явж байсан 71 чиглэлийг сэргээгээд байна. Нийтийн тээврийн нийт зорчилтын 35 хувийг бүрдүүлдэг эдгээр чиглэлд 450 тээврийн хэрэгсэл үйлчилж байгаа. Шинэ төлөвлөлтийн хүрээнд боловсруулсан үндсэн зургаа, хот орчмын 15, дунд оврын автобус үйлчлэх таван чиглэлийг хэвээр үлдээлээ. Нийт зорчилтын 65 хувийг бүрдүүлдэг тус чиглэлүүдэд 625 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гараад байна.
Нийтийн тээврийн
чиглэлүүдийн мэдээллийг Imap.mn системд оруулахаар ажиллаж байна. Маршрутын давхцалыг арилгахаар шинэ
чиглэлүүд боловсруулсан. Тухайлбал, нэг автобусны буудалд 28 чиглэлийн автобус
давхцаж ирдэг байсныг Н.Сугар мэдээлэлдээ дурдсан юм.