ӨВӨРХАНГАЙ: М.Ганболд, С.Буд: Алтыг цувьж утас болгоод зүү ороон хатгамлаа урладаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-02-05 05:24:59

Арвайхээр, 2024 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. “Өвөрхангайн урчууд-2024” үзэсгэлэн худалдаагаар Монголын нэрт уран хатгамалч гэр бүл болох М.Ганболд, С.Буд нар өөрсдийн бүтээлээр “Хос шаглаа” үзэсгэлэнг гаргалаа. Монгол ахуйгаас урган гарч, өдгөө уламжлалт өв соёлын үнэт бүтээл болж өвлөгдсөн уран хатгамлын төрлийг сэргээн хөгжүүлж, олон улсад сурталчлан таниулж яваа хос шаглаачидтай багагүй хором хөөрөлдсөн юм.


С.Будын аав уран дархан, ээж нь уран шаглаач хүмүүс бөгөөд аав, ээжээс өвлөсөн ур эрдмээ Өмнөговь аймгийн Номгон сумын дунд сургуульд сурагч байх үеэс хөгжүүлж, Хөдөлмөрийн хичээлээр уламжлалт зүү ороох, зээгт наамал, зоосон ширээ сүлжих зэргийг сурсан байна.


Хожим энэ төрөл рүү улам нэвтэрч, уран хатгамал урлах бүрдээ дунд сургуулийн багш нарын зааж сургасныг сэргээн санаж, арга барилаа болгодог гэв. Мөн Монгол Улсын уран хатгамалч, төрийн оёдолчин, гавьяат Б.Цэрмаа багшаасаа их зүйлийг сурч мэдэж, уран бүтээлийнхээ мэлмийг нээсэн гэж байлаа.



Гэр бүлийн хүмүүс уран бүтээлч байх тохиолдол олон бий. Харин гэр бүлээрээ уран хатгамалч байх нь тун ховор. Ялангуяа эрэгтэй хүн энэ нарийн чимхлүүр, чамин тансаг урлалыг эзэмшсэн нь цөөн байдаг.

Уянгын эрээн гэрийн мастер, цоохорлох өвийн уламжлагч Г.Амирдаабазарын гарын шавь, зураач М.Ганболд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уугуул.


Тэрбээр гэргийнхээ даалин, урлалын хээ хуарыг зурдаг, зоосон ширээг сүлжиж өгдөг байснаа утсаар урлах эрдэмд илүү татагдаж, эхнэр нь ч түүнийг савхин дээр зүү ороох шаггүй том шалгалтаар тэнцүүлж байжээ.


Улмаар улсын уралдааны дөтгөөр байрын шагналыг хүртэж байсан бол  хос шаглаачдын урласан “Алтансоёмбо” хатгамал нь 2022 онд “Гайхамшигт өв соёл - Монгол уран хатгамал” үзэсгэлэнд Монголын шилдэг уран хатгамалчдын бүтээлийг тэргүүлэн “Хаан” бүтээлээр шалгарч байлаа. Мөн 2023 оны “Хаан” бүтээлээр М.Ганболдын алт, шүр, оюугаар чимэглэн хэвтээ дөрвөлжин үсэг болон соёмбо үсгээр зүү ороон хатгасан Жанлавцогзол судрын хос бүтээл шалгарч байсан юм.



Уран хатгамалч М.Ганболд: СҮҮЛИЙН ҮЕД ӨНДӨР ГЭГЭЭНТЭЙ ХОЛБОГДОЛТОЙ БҮТЭЭЛҮҮДИЙГ ИЛҮҮ ИХ УРЛАЖ БАЙНА


-Нутагтаа анх удаа үзэсгэлэнгээ гаргаж байна. Ямар бүтээлтэй ирэв?

-2022 онд Богд хааны ордон музейд бие даасан үзэсгэлэнгээ гаргаж, 10 гаруй жил урласан бүтээлүүдээ олон нийтэд толилуулж байсан. Тэр үзэсгэлэнгээ нутагтаа гаргах хүсэлтэй байсан маань аймгийн Соёл урлагийн газрын дэмжлэгээр сайхан бүтлээ. Үзэсгэлэнд “Алтан соёмбо”, сувдан тоорцог, даалингууд, аяганы уут, монгол гутал гээд урлалуудаа авчирсан.

Бид хоёр сүүлийн үед Өндөр гэгээнтэй холбогдолтой бүтээлүүдийг илүү их урлаж байна. “Алтан соёмбо”, хэвтээ дөрвөлжин соёмбо үсгийн хэв бүхий “Жанлавцогзол- Өндөргэгээн”, “Жанлавцогзол- Алтансоёмбо” гээд гурван цуврал бүтээлийг гаргаад байна.


Өндөр гэгээн Занабазар бидэнд маш их өвийг өвлүүлж үлдээсэн. Тэр өвийг шууд хуулахаасаа илүү утга учрыг нь судалж, мэдэж, ойлгож байгаад бүтээх нь чухал гэж ярилцаад бид хоёр одоогоор судалгааны ажлыг хийж байна.


-Эрэгтэй хүн утас, зүү амилуулах нь ховор байдаг. Таны бүтээлүүд үнэхээр гайхалтай юм?

-Өөрийн сонирхол юм даа. Сонирхол л байвал эрэгтэй, эмэгтэй гэхгүй юуг ч хийж болно. Улаанбаатар хотод эрэгтэй уран хатгамалч олон байдаг. Дээр үед лам нар сайн хатгамалчид байсан л юм билээ. Сайн дархан хийдэг эмэгтэй хүн ч байна.


-Уран хатгамал урлахын онцлог тал юу вэ?

-Гарын ур, нүдний ур шаардана. Нарийн урлахын тулд хамгийн нарийн зүүгээр оёно. Хараа сайн байж л урлана даа. Даалин оёхдоо хуучны уламжлалт хэв загварыг алдагдуулахгүй байхыг хичээдэг. Гоё сайхан болгох гээд хэв маягийг хэтрүүлэх нь таатай биш.

 

                                   С.Буд: ЗУУ, ЗУУН ЖИЛЭЭР ДАМЖИЖ ИРСЭН БҮТЭЭЛ ӨВ БОЛДОГ 


  -Та бүхний “Алтан соёмбо” бүтээл уран хатгамлын манлайд бичигдэж явдаг. Энэ бүтээлийн онцлогийг танилцуулахгүй юу?

-Уламжлалт зээгт наамалд хатгамал орсон байдаг. Харин зүү ороох хатгамалд зээгт наамал орсон бүтээл байдаггүй. Тиймээс “Алтан соёмбо” бүтээлийг зүү ороох хатгамал, зээгт наамлыг хослуулснаараа онцлог болсон. Мөн хүрээнд нь шүр, сувд, оюу шигтгэж, соёмбыг цагаан зандан модоор хийн алтаар бүрсэн байгаа.

Бүх л гар урлал хоорондоо уялдаа холбоотой байдаг. “Алтан соёмбо” нь дан ганц бид хоёрын бүтээл биш, зураач, дархан, модны үндсэн чанарыг мэддэг хүний зөвлөгөөг авах гээд маш олон хүний хөдөлмөр, зүтгэл шингэсэн. Үндсэндээ хоёр жил гаруй хугацаанд урлаж бүтээсэн дээ. Бид энэхүү бүтээлдээ үндэсний гар урлалын бүхий л төрлүүдийг шингээхийг зорьсон.


-Догшин бурхдын дүрийг уран хатгамлаар бүтээдэг юм байна. Их л ур чадвар шаарддаг байх даа?

-Анх зүү ороох оёдлыг бүтээлийн хэмжээнд хүргэх юмсан гэж бодож байгаад “Ногоон дара эх”, “Баян Намсрай” гэхчлэн бурхдыг анх битүү зүү ороож урлаж байсан юм. Баян намсрай бурхныг баян бүтээхийн тулд алтыг цувьж, утас болгоод зүү ороож байлаа. Арван хангалын нэг бурхны дүрийг зөв сайхан гаргахын тулд их л хичээсэн дээ. Ковидын цаг үе таарсан учраас сайхан төвлөрч байгаад бүтээлээ урласан.



-  

      -Алтыг утас болгож цувина гэдэг гайхалтай юм аа?

-Торгон, саатай, металл даавуун, мяндсан гээд утасны төрлүүд олон бий. Уран хатгамалд бүгд л өөрийн үүргийг гүйцэтгэдэг. Дээхэн үеийн урлалд металл утсыг их ашигласан байдаг юм. Цэвэр алтан утас гэж байна. Манай дархчуул алтыг цувьж утас болгодог. Ухааны, гарын, нүдний гэсэн гурван ураараа холбогдож чадах юм бол ямар ч сайхан бүтээлийг бий болгох боломжтой. Бидний хувьд алт, мөнгө, шүр, сувд, оюу зэрэг эрдэнийн чулууг бүтээлдээ шигтгэж оруулах дуртай байдаг. Энэ нь чамирхах гэхээс илүү цаанаа нарийн утга учир агуулж байгаа юм.


-Бүтээлийг бүтээж байгаа мэт боловч өөрөө төрдөг хэмээн та түрүүн хэллээ. Энэ тодорхойлолтыг тайлбарлахгүй юу?

-Бүтээл өөрөө төрдөг, эхлэх, дуусах цагаа сонгож, уран бүтээлчээ захирдаг юм байна гэдгийг эндээс ойлгож мэдэрсэн. Уран бүтээлч бэлэн болсон цагт бүтээл төрөхөд бэлэн байж байдаг. Тийм учраас бүтээл өөрөө төрдөг гэж хэлэх дуртай.


-Гэр бүлээрээ уран бүтээлч байхын давуу тал юу вэ?

-Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг шүү дээ. Надаас нэг санаа гарахад нөхөр маань өөр өнцгөөр харж, саналаа хэлэх байдлаар харилцан ярилцаж шийдвэр гаргадаг. Ер нь эрэгтэй хүн, эмэгтэй хүний өнгө харах өнцөг харьцангүй өөр байдаг юм байна гэдгийг сүүлийн үед л их мэдэрч байна. Ханиараа их бахархдаг. Эрэгтэй хүн оёод сурахын цагт эмэгтэй хүнээс уран болдог гэж багш маань хэлж байсан. Тэр үг үнэн юм. Хань маань их уран болж байгаа.




-Та хоёр өөрсдийгөө хэр гоёдог вэ?

-“Загасчны морь усгүй” гэгчээр өөрдсийгөө төдийлөн гоёж чадахгүй байна. Одоогоор малгай, бүс, гуталдаа, мөн даалин, аяганы уут гээд дагалдах эд хэрэглэлүүдээ уран хатгамлаар гоёсон. Малгайдаа шүрээр сампин урласан байгаа. Мөн өөрийн 20-иод жилийн хөдөлмөр зүтгэлээ шагнаж, өөртөө хилэнцэт хорхой урласан монгол гутлыг хийгээд байна. Би хилэнцийн ордны хүн байгаа юм.


-Яг одоогоор ямар бүтээл урлаж байна вэ?

-Жанрайсаг бурхныг зүү ороох хатгамал, зээгт наамал хослуулан бүтээж байна. Зээгт наамлыг дан хатгамлаар оёх шинэлэг техник гаргаад түүндээ дээрээ ажиллаж байгаа. Зээг дангаараа бол тодорхой цаг хугацааны дараа урагддаг. Харин торгон дээр хатгаж оёсноор нэлээн бат бөх чанартай болно гэж бодож байгаа.

Өв бүтээлээр дамжиж ирдэг. Зуу, зуун жилээр дамжиж ирсэн бүтээл өв болдог учраас өөрсдийн урлаж байгаа бүтээлүүдийнхээ бөт бөх чанарт их анхаарч ирсэн. Оёж хатгасан хорин жилийн хугацаанд туршилт хийсээр ирж байна даа.


-Охин нь утас сүлжээд сурсан харагдаж байна. Хэдэн настай вэ?

-Шавийн эрдэм багшаас гэдэг. Мөн эцэг, эхээсээ өв өвлөгдөж ирдэг. Тийм болохоор бид хоёр охиндоо зоосон ширээ сүлжихээс эхлэн тодорхой хэмжээний мэдлэг, чадварыг олгож байгаа. Охин маань таван настай. Ямар ч байсан хэдэн өнгөөр зоосон ширээ сүлжчихдэг юм. Зоосон ширээ сүлжихэд хүүхдийн хоёр гар зэрэг ажиллах шаардлага гардаг. Утасны өнгийг солихгүйн тулд анхаарлаа төвлөрүүлдэг. Сууж сурдаг. Хүүхдийн хоёр тархийг зэрэг ажиллуулж сургах төрөл бүрийн сургалт байдаг ч уламжлалт гар урлалын багахаан ажилбар энэ бүх зүйлийг шингээсэн байдаг. Миний хэдэн хүүхэд бүгд л аав, ээжийнхаа урлахыг багаасаа харж өссөн. Тэр хэрээр уламжлалт эд хэрэглэлээ таньж, нэрлэж, яаж эдэлж хэрэглэхийг нь мэдэж өсөж байгаа.
















-Баярлалаа. Та бүгдэд уран бүтээлийн их амжилт хүсье.


Холбоотой мэдээ