Томуу, томуу төст өвчин идэвхжиж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2024 оны хоёдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас өнөөдөр
хийсэн хэвлэлийн бага хурлаар мэргэжилтнүүд Сар шинийн баяраар хоол хүнсээ
зохистой хэрэглэх талаар иргэдэд зөвлөлөө. Мөн томуу, томуу төст өвчин идэвхжиж буйг анхаарууллаа.
НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан хэлэхдээ, Монголд 15-69 насны хоёр хүний нэг нь
илүүдэл жин, таргалалттай, гурван хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвдөх
эрсдэлтэй байна гэсэн судалгааг
танилцууллаа.
Тэрбээр, хүн өндөртөө таарсан жинтэй байх ёстой. Биеийн жингээ хянах
арга нь бүсэлхийн тойргоо хэмжээд эмэгтэй хүн 80
см-ээс бага, эрэгтэй хүн 90 см-ээс бага бол өөрийгөө хэвийн байна гэж дүгнэж
болно. 40-өөс дээш настай хүн өөрийн өндрөөс 110 см-ийг хасна. 40-өөс доош
настай бол өндрөөсөө 100-г хасаад хэвийн жингийн хэмжээгээ мэдэж болно гэв.
Мах, өөх, гурил нь таарсан 1 ширхэг бууз 200 калори агуулдаг.
Цагаан сараар иргэд өдөрт
гурван айлаар шинэлж, нэг айлд дунждаар гурван бууз, хэрчим мах, сүүтэй цай,
нийслэл салат идэхэд дунджаар 4000 Ккал орчим илчлэг авдаг байна. Эрэгтэй хүн өдөрт 2500 Ккал, эмэгтэй хүн
2200 Ккал илчлэг авбал биеийн жингээ барих боломжтой байдаг. Гурван айлаар ороход 3500 Ккал илчлэг
420 грамм өөх болж биед хуримтлагдана. Тийм учраас алхах, гүйх зэргээр
илчлэгийг шатаах дасгал хөдөлгөөн хийхийг
зөвлөв.
Мөн Цагаан
сарын баяраар олноороо цугларах учраас амьсгалын замын халдвараас сэргийлэхийг зөвлөлөө. Тухайлбал, гараа савандаж
угаах, спиртэн суурьтай халдваргүйжүүлэгчээр
ариутгана. Бага
насны хүүхэдтэй золгохдоо арьс салст, хацар, нүүрэнд нь хүрэхгүй байхыг зөвлөв. Учир нь цагаан сарын баяраар иргэд олноороо
цугларч хоорондоо золгодогоос халдварт
өвчний эрсдэл бий болдог.
Өнгөрсөн сард улсын
хэмжээнд томуу, томуу төст өвчний идэвхжилийн түвшин өндөр байв. Нийслэлд нийт 8.7 мянган
хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 18.6 хувь нь амьсгалын замын цочмог хүнд
буюу уушгиний хатгаагаар хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж
байгаа 1693 хүүхдийн 74.7 хувь нь амсгалын замын цочмог хүнд халдвартай байгааг ЭМЯ-наас мэдээллээ.