ДУНДГОВЬ: Улсын хошой аварга малчин Ж.Одонпүрэв 40 гаруй жил мал маллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2024 оны хоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн
сар шинийн босгон дээр Дундговь аймгийн Дэрэн сумын Алаг-Өндөр багийн
малчин Жасрайн Одонпүрэв “Улсын хошой аварга малчин” цол хүртэж, шагналыг
гардуулан өглөө.
Ж.Одонпүрэв 1983 оноос мал маллаж, 2002 онд “Сумын аварга
малчин, 2007 онд “Аймгийн аварга малчин” 2018 онд “Улсын аварга малчин” цолоор
шагнуулж байсан бол хөдөө аж ахуйн салбарт оруулсан хөдөлмөр, зүтгэлээ дахин
үнэлүүлж, ийнхүү “Хошой аварга” болжээ.
Ж.Одонпүрэвийн эхнэр Чүлтэмжамцын Наранцэцэг 2019 онд “Улсын
аварга саальчин” алдрыг хүртэж, хоёулаа “Улсын аварга” болсон хүндтэй гэр
бүл юм.
Ч.Наранцэцэг өдөртөө 20 кг, жилд 2-3 тонн ааруул хийж зах зээлд нийлүүлдэг бөгөөд цагаан идээгээрээ улс, аймгийн үзэсгэлэн худалдааны
тэргүүн байрын шагналыг олон удаа хүртсэн саальчин эмэгтэй. Түүний дугуй цагаан
ааруул амт, чанараараа гайхагддаг юм.
Шагналыг УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат гардуулан өгчээ.