Төгсөлтийн дараах сургалтын явцад үнэлгээ хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2024-02-16 10:16:32

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2024 оны А/03 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын баг эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллагын сургалтын үйл ажиллагаанд явцын үнэлгээг хийж байна.


Үнэлгээг Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/337 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион байгуулах, сургалт эрхлэх байгууллагыг сонгох, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам”-ын хэрэгжилтийн хүрээнд хийж буй юм.


Энэ удаа Улсын Гуравдугаар төв эмнэлгийн “Сэргээн засал судлал” үндсэн мэргэшлийн сургалтын үйл ажиллагаатай танилцсан бөгөөд ажлын багийн бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн яамны дэргэдэх Сэргээн засал судлалын мэргэжлийн салбар зөвлөл, сургалт эрхлэх байгууллагын төлөөлөл оролцов.


Үнэлгээг сургалтын удирдлага, зохион байгуулалт, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилт, багшлах бүрэлдэхүүн, сургалтын үнэлгээ, орчин нөхцөл, суралцагчдад үзүүлэх дэмжлэг, сургалтын зардлын зохистой зарцуулалт зэрэг агуулгын хүрээнд хийж, эмнэл зүйн сургагч багш болон суралцагчдаас асуумж авч чөлөөт ярилцлага хийсэн юм.




Холбоотой мэдээ