Байгалийн гамшигт нэрвэгдсэн малчдад тусламж хэрэгтэй байна

ТОЙМ
uranatuya@gmail.com
2024-02-20 17:11:52

Улаанбаатар, 2024 оны хоёдугаар сарын 1/МОНЦАМЭ/. Монгол оронд зудын аюул нүүрлэж, малчин монголчууд байгалийн хахир хэцүүг давж гарахын тулд мал сүрэгтэйгээ хамт тэмцэж байна. Одоогийн байдлаар, Монголын нийт нутгийн 80 гаруй хувьд их хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, зудад нэрвэгдээд байгаа бөгөөд улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт байна. Засгийн газрын тогтоолоор зудын байдалд үнэлгээ хийж, таван аймгийн 21 суманд төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 89 суманд цагаан зудын, 17 аймгийн 82 сум цагаанаар зудархуу нөхцөлд байна хэмээн тогтоожээ.

 

Байгалийн бэрх үе тохиож буй энэ үед Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Үндэстнээрээ нэгдмэл байж малчдадаа туслахыг уриалаад буй. Тэрбээр, зудад нэрвэгдэж, хаваржилт хүндэрсэн энэ цаг үеийг хохирол багатай даван туулахад аж ахуйн нэгжүүд, олон нийт, олон улсын байгууллагуудыг хандив дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллахыг хүссэн юм.

 

Бэлчээрийн мал аж ахуй бол Монгол Улсын эдийн засгийн гол салбар бөгөөд Монголын нийгмийг мал аж ахуй, малчидгүйгээр төсөөлөх аргагүй. Хэдийгээр мал сүрэг хувь хүний өмч ч Монгол Улс Үндсэн хуулиндаа "Мал сүрэг үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна" хэмээн заасан байдаг. Монголчуудын амьжиргааны гол хэрэгсэл болдог мал сүрэг төрийн хамгаалалтад байдаг ч байгалийн хатуу ширүүн нөхцөл, давагдашгүй хүчин зүйлийн өмнө барьц алдах үе бий. Ялангуяа зудын аюул бол удаан үргэлжилдэг, малын хорогдол их гардаг, бэлчээрийн мал аж ахуйг амьжиргааныхаа чухал эх үүсвэр болгож ирсэн монголчуудын хувьд маш том эрсдэл дагуулдаг байгалийн томоохон гамшиг билээ. Энэ жил Монгол оронд ийм гамшигт үзэгдэл тохиож байна. Одоогоор Нийт нутгийн 80 гаруй хувьд цастай, зарим нутагт цасны зузаан 1 метр хүрээд буй юмЦаг уурын мэргэжилтнүүд Монгол Улсад зудын давтамж ойртож байгааг уур амьсгалын өөрчлөлт, хямралтай холбоотой гэж үзэж байгаа юм.

 


Одоогоор, улсын хэмжээнд 667.8 мянган толгой мал хорогдоод байгаа бөгөөд Сүхбаатар  аймагт 203 мянган толгой мал үрэгдсэн нь одоогоор хамгийн ихэд тооцогдож байна. Мөн Хэнтий  аймагт 121.9 мянган толгой мал, Дорноговь аймагт 82.2 мянган толгой мал, Архангайд 41.1 мянган толгой мал, Дорнодод 36.0 мянган толгой мал хорогджээ.


 

Энэ жилийн өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал нь хамгийн олон мал хорогдож байсан 2009-2010 оны зудын нөхцөл байдлаас хүнд байгаа ч малын хорогдол нь тэр үеийнхээс бага байгаа нь эдийн засгийн эргэлтэд сайн оруулсных гэж үзэж байгаа аж. Одоохондоо малын хорогдол бага байгаа ч үүссэн нөхцөл, цаг агаарын байдал зэргээс харвал тун хүндхэн хавартай нүүр тулахаар байна. Өнөөдрийн байдлаар, 20 аймгийн 190 гаруй сум, нийслэлийн хоёр дүүрэгт байдал маш хүнд байна.

Байгалийн гамшигт үзэгдлийг гарз хохирол багатай даван туулахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллахыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болгоод буй. Мөн шар усны үерт өртөж болзошгүй айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, цасанд боогдсон зам, давааг чөлөөлөх, малчдад туслах аяныг аж ахуйн нэгж болон олон улсын байгууллага, гадаадын төсөл хөтөлбөртэй хамтран зохион байгуулж, олон нийтэд уриалга гаргах, малчдыг эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамруулах, малгүй болсон малчдыг малжуулах, орон нутгийн төсвийн давсан орлогыг малчдад туслахад зарцуулах зэрэг ажлыг хийхийг холбогдох хүмүүст даалгасан юм. Шуурхай бүлгүүд нь өвс тэжээл, түлш шатахуун, хоол хүнсний тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна хаагдсан зам давааг нээх, зам гаргах зэрэг ажлыг гүйцэтгэж байна. Зудад нэрвэгдсэн малчин өрхүүд, хаваржилт хүндэрсэн аймаг сумдад өвс, тэжээл хүргэх тусламжийн цуваа хөдөө орон нутаг руу хөдөлж байна. Тусламж хүргэх шуурхай бүлгүүдийг Засгийн газрын шийдвэрээр байгуулсан, сайд нар ахлан ажиллаж байгаа юм.

 

Нүүдэлчин соёлоо тээн, алс хөдөөг эзэнтэй байлгаж, бэлчээрийн мал аж ахуйгаа эрхлэн аж төрж яваа малчид цаг агаарын асар хүнд нөхцөлтэй нүүр тулаад байна. Тэдэнд эрвийх дэрвийхээрээ туслах цаг болсныг өнөөдөр монгол хүн бүр ухамсарлаж байгаа нь тодорхой. Энэ утгаараа Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс малчдад туслах хандивын аян эхлүүлээд байна. Их хэмжээгээр цас орсны улмаас бэлчээргүйдэж өвөлжөө бууц хөлдөн, өвс тэжээлийн хомсдолд орсноос гадна зам даваа хаагдаж орон нутгийн иргэд, малчид хүнсний хомсдолд орох, эрүүл мэндийн үйлчилгээнээс хязгаарлагдах, хүүхдүүдийн сургууль, цэцэрлэг завсардах зэрэг асуудал урган гарсаар байна.  Тиймээс одоо малчдад одоо өвс, тэжээл, сүү орлох тэжээл, малын шилбэ халцрах, нүд улайх, тамир тэнхээ муудах зэрэгт зориулсан эм түрхлэг, амин дэм, дусал тарианы дэмжлэг юун түрүүнд  хэрэгтэй байгаа аж. Үүний зэрэгцээ зам давааны цас арилгах, малчдын хотонд зам гаргахад ихээхэн хүч шаардлагатай байна.

Хамгийн сүүлд буюу 2009-2010 оны өвөл тохиосон зудад манай орны нутаг дэвсгэрийн 80.9 хувь буюу 18 аймгийн 175 суманд 97.5 малчин өрх нэрвэгдэж, нийт малын 23.4 хувь буюу 10.3 сая толгой мал хорогдсон. Энэ нь зах зээлийн дундаж үнээр 570.0 тэрбум төгрөгийн хохиролд хүргэсэн юм. Тэрхүү зудын гамшгийн улмаас 8711 өрх айл малгүй болж амьжиргааныхаа эх үүсвэрээс салж, 32756 мянган малчин өрх айл малынхаа 50-иас дээш хувийг алдаж, 1400 малчин өрх айл төв суурин газрыг бараадан нүүж байжээ. 


1944-1945, 1967-1968, 2000-2002, 2009-2010 оны зуданд хамгийн гарз хохирол амсаж байсан бөгөөд, нийт малынхаа 30 гаруй хувийг ч зудан алдаж байсан тохиолдол байдаг. 1940-2022 он хүртэл 83 жилийн 38 жилд нь ган зудын аюул нүүрлэж байсан судалгаа байдаг байна.


Монгол бол дулааны улирал нь хоёрхон сар үргэлжилдэг, өвөл нь урт бөгөөд 50 хэм хүртэл хүйтэрдэг, дэлхийн хамгийн хатуу ширүүн уур амьсгалтай орнуудын нэг.  Нийт хүн амын 50 гаруй хувь нь төвөөс алс хөдөө орон нутагт амьдардаг, тэдний дийлэнх нь нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг. Манай улсын хөдөлмөр эрхэлдэг дөрвөн хүн тутмын нэг нь буюу 298.3 мянган малчин мал аж ахуйн салбарт ажиллаж байна. Хэдийгээр нүүдэлчин малчид хатуу ширүүн орчинд амьдрах маш сайн уламжлалт аргатай, хэдэн мянган жилийн турш байгаль цаг ууртаа дасан зохицож аж төрсөөр ирсэн ч энэ удаагийн байгалийн давагдашгүй нөхцөлийг туулж гарахад тун хүнд болж байна.

  

 

Холбоотой мэдээ