“Халгай” шампунь органик бүтээгдэхүүний эко шошго хэрэглэх эрхтэй болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2024-02-19 16:32:28

Улаанбаатар, 2024 оны хоёдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Үндэсний үйлдвэрлэгч “Монкрем” компанийн “Халгай” болон “Маалай Моолой” брэндийн шампунь, шүдний оо, үс арчилгааны бүтээгдэхүүнд "Органик бүтээгдэхүүн" эко шошго хэрэглэх эрх олгожээ. Мөн “Юргана Индастри" ХХК-ийн “Urgana’ брэндийн гарын шингэн саван, үс арчилгааны бүтээгдэхүүн, хужиртай аяга таваг угаагч, бактерийн эсрэг шал угаагч, жамц давстай шүдний оо зэрэг бүтээгдэхүүн, “Технологийн инкубатор" ХХК-ийн Био Эко" бэлдмэл "Органик бүтээгдэхүүн" эко шошго аваад байна.


Байгаль орчинд ээлтэй, хүн амьтанд сөрөг нөлөөгүй, химийн орц найрлагагүй микробиологийн органик бүтээгдэхүүнд эко шошгын гэрчилгээг бизнесийн төлөөллийн байгууллага Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн Танхимаас олгодог байна. Мөн үйлдвэрлэлийн менежмент, чанарын үзүүлэлтүүд нь органик бүтээгдэхүүнд тавигдах шаардлагыг хангаж байгаа бол "Органик бүтээгдэхүүн" эко шошго хэрэглэх эрхийн бичиг олгодог.


Органик гэсэн шошго тэмдэгтэй бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд нийлүүлэх боломжтой юм.



Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн Танхим нь үндэсний, байгалийн гаралтай түүхий эдээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд сайн дурын үндсэн дээр "Органик бүтээгдэхүүн(Certified organic) шошго олгодог.

2016 онд баталсан Органик хүнсний тухай хуулийн дагуу МҮХАҮТ хүнсний бүтээгдэхүүнд уг шошгыг олгодоггүй бөгөөд зөвхөн хүнсний бус бүтээгдэхүүнд олгодог байна. "Органик бүтээгдэхүүн(Certified organic) эко шошго нь тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, боловсруулж буй аж ахуйн нэгж нь тогтвортой, органик хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж буйг гэрчлэх тэмдэг юм.


Тодруулбал, байгалийн нөөцийг хэмнэсэн, экосистемийн үйлчилгээг тэтгэсэн, хүлэмжийн хийн ялгарал, алдагдал, хаягдал багатай, байгаль орчныг бохирдол, доройтлоос сэргийлсэн, байгальд ээлтэй үйлдвэрлэлийн аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг баталгаажуулах зорилгоор "Органик бүтээгдэхүүн"-ий эко шошго хэрэглэх эрхийг олгодог байна. 

Холбоотой мэдээ