“Пепси” үндэсний бөхийн алтан цомын “Бүх оддын барилдаан” болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо, “Премьер спортс нэтворк” сувагтай хамтран “Пепси” үндэсний алтан цом барилдаан зохион байгуулж байгаа билээ.
Тэгвэл энэхүү барилдааныг сонирхолтой байлгах үүднээс үндэсний бөхийн “Бүх оддын барилдаан” зохион байгуулахаар болов. Тэгвэл “Бүх оддын барилдаан”-д оролцох бөхчүүдийг үзэгчдийн саналаар тодруулах бөгөөд өнөөдөр санал асуулга албан ёсоор эхэллээ. Бөх сонирхогчид уг санал асуулгад оролцохдоо өдөрт 10 бөхөд саналаа өгөх юм. Үзэгчид саналаа https://altantsom.psn.mn/ хаягаар нэвтрэх бөгөөд өдөрт нэг л удаа санал өгөх эрхтэй. Гэхдээ өдөр бүр өөрийн дэмждэг бөхдөө саналаа өгөх боломж нээлттэй аж. Өөрөөр хэлбэл, та долоон өдөр дараалан санал хураалтад оролцож болно гэсэн үг. Санал хураалт энэ сарын 28-нд дуусна.
Харин “Бүх оддын барилдаан”-ыг ирэх сарын 16-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна. Үзэгчдээс хамгийн олон санал авсан 14 бөх “Бүх оддын тоглолт”-д барилдах бөгөөд тэд долоо долоогоороо хоёр багт хуваагдан халз өрсөлдөх ажээ. Энэ үеэр холимог оддын барилдаанаас гадна бөхчүүдийн дунд хүч чадлын тэмцээн зохиохоор төлөвлөжээ.
Дашрамд сонирхуулахад, энэ сарын 26-29-нд үндэсний алтан
цомын хагас шигшээ барилдаан эхэлнэ. Барилдааны хуваарийг хүргэе.
26-нд 15:45 цагаас Орхон vs Өмнөговь
26-нд 19:45 цагаас Увс vs Завхан
27-нд 15:45 цагаас Сүхбаатар vs Архангай
27-нд 19:45 цагаас Булган vs Баян-Өлгий
28-нд 15:45 цагаас Төв vs Дорноговь
28-нд 19:45 цагаас Ховд vs Баянхонгор
29-нд 15:45 цагаас Говьсүмбэр vs Өвөрхангай
29-нд 19:45 цагаас Хөвсгөл vs Сэлэнгэ аймгийн багтай тус тус барилдана.