321 резидент эмчийг орон нутагт ажиллуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Хаваржилтын нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд мэдээлэл өглөө.
Тэрбээр хэлэхдээ “21 аймгийн хэмжээнд отор нүүдлээр болон өөрийн аймагт өвөлжиж буй 68361 иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдсан. Тодруулбал, жирэмсэн эх 2129, 0-5 насны хүүхэд 8012, өндөр настан 13544, хөгжлийн бэрхшээлтэй 4705, архаг суурь өвчтэй 11650 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Мөн нийт 3585 өрхөд эмийн багц хүргэлээ. Улсын онцгой комиссын даргын тушаалаар эрүүл мэндийн салбарын долоон шуурхай баг орон нутагт 4-5 эмнэлгийн мэргэжилтэнтэй ажиллаж байна. Үүнд төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн эмч нар, сэтгэцийн эрүүл мэндийн эмч нар тусламж үйлчилгээг үзүүлж буй. Тус баг зам даваа хаагдсан өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчин өрхүүдэд эмнэлгийн тусламж үзүүлэхийн зэрэгцээ 350 өрхөд эмнэлгийн багцаа хүргэж ажилласан” гэв.
Эрүүл мэндийн сайдын шийдвэрээр зудын нөхцөл байдалд байгаа орон нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй хэвийн хүргэх зорилгоор Эрүүл мэндийн яамны харьяа төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллагуудад суралцаж байгаа Эрүүл мэндийн хөгжлийн төвд бүртгэлтэй үндсэн мэргэжлийн 321 резидент эмчийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах хүртэлх хугацаанд орон нутгийн эрүүл мэндийн газрын мэдэлд ажиллуулахаар болсон байна. Дээрх эмч нар аймгийнхаа эрүүл мэндийн газарт очиж зудын хүндрэлтэй, эрүүл мэндийн ажилтан дутагдалтай байгаа сумдад ажиллах аж.
Тэгвэл улсын хэмжээнд зайлшгүй шаардлагатай байгаа эм, эмнэлгийн хэрэгслийн гурван сарын нөөцтэй бөгөөд тасарсан эм, тариа одоогоор байхгүйг албаныхан мэдээлэлдээ дурдлаа.
Орон нутагт
зудтай энэ үед эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгамдаж байгаа асуудал нь туулах
чадвар сайтай эмнэлгийн түргэн тусламжийн машин юм байна.
Мөн 2023 оны
арванхоёрдугаар сард гаргасан Эрүүл мэндийн сайдын тушаалаар 11 аймгийн 20
суманд түргэн тусламжийн машин нийлүүлсэн. Тэгвэл Засгийн газрын 2024 оны
хоёрдугаар сарын 63 дугаар тогтоолоор алслагдсан сумдын эрүүл мэндийн төвүүдэд
эмнэлгийн зориулалттай 60 автомашин хуваарилах шийдвэр гарчээ.