Боловсролын зээлийн сангаас олгосон 4.2 тэрбум төгрөгийн зээл төлөгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-02-27 08:45:15

Улаанбаатар, 2024 оны хоёдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Боловсролын зээлийн сангаас олгосон зээл тэтгэлгийг шалгах ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 7, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.


Тодруулбал, 1997-2023 онд гадаад улсын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын  хөтөлбөрт суралцах 3069 хүнд олгосон 230,1 тэрбум төгрөгийн зээл, 941 суралцагчийн 47,1 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлсөн үндэслэлийг нэг бүрчлэн шалгаж буй. Энэ хүрээнд 2288 суралцагчийн хувийн хэрэг, материалтай танилцаж, 1600 гаруй хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 1494 суралцагчийн хувийн хэргээс 2500 орчим зөрчлийг илрүүлжээ. Мөн улс төр, урлаг соёлын зэрэг нөлөө бүхий хүмүүст хамааралтай 364, үүнээс зөрчилтэй 262 суралцагч байгаа болохыг тогтоосон байна.


Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 220 суралцагчийн 1,2 сая ам.доллар буюу 4,2 тэрбум орчим төгрөгийн зээл эргэн төлөгдсөн гэж Прокурорын байгууллагаас мэдээллээ.

Холбоотой мэдээ