Гадаадад байгаа иргэд санал өгөхөө ДТГ-таа мэдэгдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-02-28 14:05:08

Улаанбаатар, 2024 оны хоёдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. УИХ-ын ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэдээс 2024 оны 6 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд санал авахаар тогтоосон. 


Энэ оны байдлаар, дэлхийн 172 улсад 141 мянга гаруй монгол иргэн оршин сууж байгаа тухай Үндэсний статистикийн хорооны тоон мэдээлэл бий. Тэдгээр иргэн санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө буюу энэ оны зургаадугаар сарын 15-аас өмнө сонгуульд оролцохоо өөрийн оршин байгаа улсын Дипломат төлөөлөгчийн газар (Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар)-т мэдэгдэх ёстой. Улмаар санал авахаар товлосон өдрийн 7-22 цаг хүртэлх хугацаанд салбар комиссын тогтоосон санал авах байранд саналаа өгөх юм.



Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг төв болон салбар комисс зохион байгуулдаг. Сонгуулийн ерөнхий хороо гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг харгалзан төв комиссыг, төв комисс нь салбар комиссыг Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулахаар хуульчилсан. 



Цаг хугацааны хуваариар, Сонгуулийн ерөнхий хороо энэ оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс өмнө Гадаад харилцааны яамны саналыг харгалзан гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий төв комиссыг гадаадад санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга болон 9-11 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна. Төв комисс энэ оны тавдугаар сарын 6-ны өдрөөс өмнө салбар комиссыг дарга болон 2-4 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулах юм. 



Манай улс УИХ-ын 2012 оны сонгуулиас эхлэн гадаад улсад суугаа иргэдийнхээ саналыг авсан туршлагатай. Тухайлбал, УИХ-ын 2012 оны сонгуульд 39 салбар комисст 4276 сонгогчийн нэр бүртгэгдсэнээс 65 хувь нь саналаа өгчээ. Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар 45 салбар комисст 7400 шахам сонгогч бүртгүүлснээс 75.3 хувийн ирцтэйгээр саналаа өгсөн тоон баримт байна.  



Холбоотой мэдээ