СЭЛЭНГЭ: “Цэрэг эрсийн дуулал” эх орны сэдэвт цахим дууны уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-03-01 13:17:52

Сүхбаатар, 2024 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 6-9 дүгээр ангийн сурагчдын дунд “Цэрэг эрсийн дуулал” эх орны сэдэвт цахим дууны уралдаан зарлалаа.


Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 103 жилийн ойг угтан Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас зохион байгуулж байна. 


Уралдааны гол зорилго нь Сэлэнгэ аймгийн хүүхэд, залуучуудад цэрэг-эх оронч үзэл төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх, тэдний авьяас чадварыг нээх, сурталчлахад чиглэсэн байна.


Дээрх уралдааны материалыг өнөөдрөөс хүлээн авч эхэлсэн бөгөөд 3 дугаар сарын 15-ны өдрийн 18.00 цаг хүртэл хүлээн авах юм.


Уралдааныг дүгнэхдээ оролцогчдын дуулах ур чадвар, уран бүтээлийн сонголт, бичлэгийн стандарт, уралдаанд ач холбогдол өгсөн байдлыг харгалзан үзэх аж.


Ингээд хамгийн их хандалт авсан, хамгийн их түгээлт цуглуулсан 10 оролцогчоос мэргэжлийн шүүгчид дүгнэж, эхний 3 байрыг шалгаруулна.


Цахим уралдааны тэргүүн байрын шагналд өргөмжлөл, алтан медаль, 200 мянган төгрөг, дэд байрт өргөмжлөл, мөнгөн медаль, 150 мянган төгрөг, гутгаар байрт өргөмжлөл, хүрэл медаль, 100 мянган төгрөгийг тус тус олгох ажээ.

Холбоотой мэдээ