ДОРНОГОВЬ: Дэслэгч генерал Ш.Арвайн дурсгалын хөшөөг “Хилчдийн өдөр”-т зориулан босгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2024 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт буй хөшөө дурсгалаас цувралаар хүргэж байна.
Энэ удаа Дорноговь аймгаас төрөн гарсан цэргийн томоохон зүтгэлтний дурсгалын хөшөө хийгээд холбогдох түүхийн талаар бэлтгэлээ. Цэргийн дүрэмт хувцсаа өмсөж, сэлмээ агссан цэргийн удирдагч, офицерын дүр бүхий хөшөөг Замын-Үүд дэх Хилийн цэргийн 0108 дугаар ангид босгоод хэдэн жил болж буй.
Энэ хөшөө бол дэлхий дахины цэргийн мөрдөстний дунд ажил үйлс, эрдэм мэдлэг, авхаалж самбаагаараа тодорч “Азийн Арвай” хэмээн хүндлэгдсэн Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, дэслэгч генерал Шавийн Арвайн дурсгалд зориулж бүтээсэн хөшөө.
2021
оны тавдугаар сарын 12-ны Монгол Улсын Засгийн газрын 134 дүгээр
тогтоолоор Хилийн цэргийн 0108 дугаар
ангийг түүний нэрэмжит
болгож, 2022 оны есдүгээр сарын 15-нд дэслэгч генерал Шавийн Арвайд зориулсан
хүндэтгэлийн хөшөөг орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 89
жилийн ой “Хилчдийн өдөр”-т зориулан бүтээсэн
байдаг.
Дэслэгч генерал Шавийн Арвай 1938 онд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг, Богийн гашуун хэмээх газар Рэнцэнгийн хүү болон төржээ. Бага насаа говь нутаг хилийн ойролцоо өнгөрөөсөн тэрбээр 1960-1963 онд Москва хотноо Хилийн цэргийн дунд сургуульд суралцан, онц дүнтэй төгсжээ. Эх орондоо буцаж ирээд 1964-1967 онд НАХЯ-ны Хилийн хэлтэст туслах офицероор ажиллаж байгаад дахин ОХУ /хуучнаар ЗХУ/-д 1967-1970 онд Фрунзийн нэрэмжит команд штабын академийг төгсөн, Замын-Үүд дэх хилийн 12 дугаар отрядад штабын дарга, отрядын даргаар ажилласан байна.
1975-1976 онд Халх голын отрядыг байгуулж, 1976 онд Хилийн ба Дотоодын цэргийн хэргийг эрхлэх газрын Нэгдүгээр орлогч даргаар ажиллажээ. 1976-1982 он хүртэл НАХЯ-ны нэгдүгээр орлогч сайд, Хилийн ба Дотоодын цэргийг удирдах ерөнхий газрын даргаар ажиллаж байв. 1982-1984 онд Москвад Зэвсэгт хүчний Жанжин штабын академид суралцан, цэргийн шинжлэх ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ.
1984-1986 онд БХЯ-ны Зэвсэглэл техник хариуцсан орлогч сайд, 1986-1990 он хүртэл НАХЯ-ны орлогч сайд, Хилийн ба Дотоодын цэргийн Удирдах газрын даргаар ажиллаж байгаад 1990 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр бэлтгэлээр гавьяаныхаа амралтад гарчээ.
Энэ хугацаанд 1976 онд хошууч генерал, 1979 онд дэслэгч
генерал цол хүртсэн байна. Тэрээр Монголын цэргийн шинжлэх ухааны
нэртэй эрдэмтэн бөгөөд хилчдийн бахархал, тусгаар тогтносон эх орныхоо хилийн
халдашгүй дархан байдал, үндэсний аюулгүй байдлын төлөө нэгэн насаа зориулсан цэргийн
томоохон зүтгэлтний нэг юм.