Нэрт боксчин М.Пакьяо бүх төрлийн хар тамхи хэрэглэж байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
adiyakhuu@montsame.mn
2016-10-02 18:31:26

ХАНОЙ./TASS/. Филиппин улсын парламент болох Сенатын гишүүнээр сонгогдсон нэрт боксчин Мэнни Пакьяо бүх төрлийн хар тамхийг хэрэглэж үзсэн гэдгээ хүлээн зөвшөөрлөө.

Үүний зэрэгцээ, тэрбээр хар тамхины эсрэг дайн явуулж буй Ерөнхийлөгч Дутерте-г дэмждэг гэдгээ илэрхийлсэн байна. Хар тамхины эсрэг ажилллагааны явцад 3500 хүн амиа алдсан билээ.

“Намайг хар тамхи хэрэглэдэг байсан гэдгийг Ерөнхийлөгч мэдэхгүй л дээ. Би бүх төрлийн хар тамхи хэрэглэж байсан” гэж Пакьяо ярьжээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ “хүмүүсийн үхэлд Дутертег буруутгах нь шударга хэрэг биш. Өмнөх засгийн үед хүмүүс хууль ёс, удирдагч, засаг төрөө хүндэлдэггүй байсан. Хуулийг хүндэтгэх нь чухал гэдгийг Дутерте хүмүүсийн ухамсарт суулгаж өгөхөөр зүтгэж байна” гэсэн байна.

Мэргэжлийн боксын 8 жинд аваргалж байсан Пакьяо 2016 оны 5 дугаар сард Филиппин улсын Сенатын гишүүнээр сонгогдсон юм. 12 наснаасаа боксоор хичээллэж эхэлсэн тэрбээр 58 удаа ялж, 6 удаа ялагдаж, 2 удаа тэнцэж байжээ. Бокс тоглох хугацаандаа Мэнни Пакьяо 500 сая долларын орлого олсон гэдэг.  

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ