Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилсны 100 дахь хоног энэ сард тохионо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРЖаргалтулгын Эрдэнэбатыг Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар томилсны 100 дахь хоног энэ сарын 17-нд тохионо.
Түүнийг энэ оны 7 дугаар сарын 8-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаас томилж байв. Тэрбээр энэхүү албыг хүлээж авсаны дараа, "Ерөнхий сайдаар томилогдсон энэ мөчөөс эхлэн нийгэм, эдийн засаг, засаглалын салбар бүрийн үйл ажиллагааны өргөн мэдлэгтэй, мэргэшсэн, тулхтай төрийн зүтгэлтнүүдээр бүрдсэн мэргэжлийн Засгийн газраа нэн даруй байгуулж, тогтвортой чадварлагаар ажиллуулна" хэмээн мэдэгдэж байсан.
Түүнчлэн тэрбээр Засгийн газрын хөтөлбөрөө нэн даруй боловсруулан УИХ-д өргөн барих, эдийн засгийг тогтворжуулах тусгай хөтөлбөр боловсруулан батлуулах, өндөр сахилга баттай төсөв, мөнгөний зөв бодлого явуулж, бизнес эрхлэлтийг дэмжин, төсөв дэх өрийн дарамтыг үе шаттайгаар бууруулах, олон улсын болон бүс нутгийн банк, санхүүгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах зэрэг ажлуудтай шинэ Засгийн газар нүүр тулж ажиллана гэдгээ мэдэгдэж байсан юм.
Ерөнхий сайд одоогоор Засгийн газрын 2016-2020 оны хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-аар батлуулаад байгаа бөгөөд дээрх амлалтынхаа хүрээнд тодорхой ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Харин Засгийн газрын 100 дахь хоног ирэх сарын эхээр болно. Улстөрийн жишгээр Засгийн газрын 100 дахь хоног чухалд тооцогддог.
Б.Туул