Мбаппе ЕАШТ-ээс өмнө эцсийн шийдвэрээ гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-03-23 14:00:22

ПАРИС, 2024 оны гуравдугаар сарын 23 /АР/. Францын хөлбөмбөгчин Килиан Мбаппе аль клубт тоглох вэ гэдгээ Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхээс өмнө шийдэхээ мэдэгджээ.


ЕАШТ зургаадугаар сарын 14-нөөс долоодугаар сарын 14-ны хооронд Герман улсад болно.


Мбаппе “Миний ирээдүй ЕАШТ-ээс өмнө шийдэгдэнэ гэж бодож байна” хэмээн ярьсныг спортын сэтгүүлч Фабрицио Романо өөрийн X хуудсанд дамжуулжээ.  


К.Мбаппе энэ улирлын төгсгөлд "Пари Сен-Жермен" клубээс явахаар шийдсэн тухай спортын мэдээний RMC Sport агентлаг урьд нь мэдээлсэн бөгөөд тэрбээр шийдвэрийнхээ талаар клубийн ерөнхийлөгчид  мэдэгдсэн гэдгийг дурдаж байсан юм. Мбаппе мөн “Реал Мадрид” клубтэй таван жилийн хугацаатай гэрээ байгуулах гэж байгаа талаараа ярьжээ. Тэрбээр 2024 оны зун тус багт чөлөөт агентын хувиар шилжих бөгөөд 2028/29 оны улирлыг дуустал гэрээ байгуулах аж.


Өдгөө 25 настай Мбаппе 2018 оноос хойш “ПСЖ” багт тоглож байгаа бөгөөд багийнхаа бүрэлдэхүүнд Францын таван удаагийн аварга, улсын цом, супер цомын гурван удаагийн аварга болж, Францын лигийн цомыг хоёр удаа хүртсэн юм. Мөн Францын шигшээ багийн бүрэлдэхүүнд 2018 онд ОХУ-д болсон ДАШТ-д түрүүлж, 2022 онд Катарт болсон ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн билээ. 





Холбоотой мэдээ