Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-25 16:37:51

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. НИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан болж, тогтоолд өөрчлөлт оруулах, нийслэл дэх үйлдвэрлэл, технологийн паркуудын хуулийн этгээдийн хэлбэрийг өөрчлөн байгуулах, дүрмийг батлах болон барилга байгууламж нийслэлийн өмчид бүртгэн авах тухай хэлэлцлээ.


Тодруулбал, НИТХ-ын 2021 оны “Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг үндэслэн шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоосон. Ингэхдээ Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас 12, 16, 21, 22 дугаар хорооны хилийн цэсийн эргэлтийн цэгийг алдаатай хүргүүлжээ. Үүний улмаас дээрх хороодын 467 өрхийн 2016 иргэний бүртгэл, үл хөдлөх хөрөнгө, газрын гэрчилгээний хаяг зөрсөн асуудал үүссэн байна. Иймд хилийн заагийг өөрчлөх шаардлага гарсан бөгөөд иргэдийн хаягийн бүртгэл мэдээлэлд өөрчлөлт орохгүй, эдийн засгийн хувьд зардал гарахгүй, зөвхөн дээрх хороодын egazar.mn дэх хилийн заагийн мэдээлэлд өөрчлөлт орох юм.


Түүнчлэн нийслэлд аж үйлдвэрийн дөрвөн парк ажиллаж буй. 2022 онд батлагдсан Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад “Паркийн удирдлага нь Компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан компани хэлбэртэй байна” хэмээн заасан. Үүний дагуу “Эмээлт” эко аж үйлдвэрийн парк компанийн хэлбэрт шилжээд буй. Тэгвэл Багануур, Багахангай, Налайхын үйлдвэрлэл, технологийн паркуудын хуулийн этгээдийн хэлбэрийг дээрх хуульд нийцүүлэн өөрчлөхөөр болжээ.


НИТХ-ын төлөөлөгчид, Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хорооны гишүүдийн зүгээс үйлдвэрлэл, технологийн паркуудын нэр томъёог олон улсад хүлээн зөвшөөрөгдөх нэршлээр нэрлэх, дүрмийг өөрчлөн найруулах, хөрөнгийн үнэлгээг нягтлах, үнэлгээг нэмэгдүүлэх боломжийг судлах, паркуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэг саналыг хэлсэн юм. Мөн компанийн хэлбэрт шилжсэнээр ил тод, нээлттэй байдлыг хангана хэмээн үзжээ. Тухайн шилжилтийг хийхэд шаардагдах хууль, эрх зүйн үйл явц, нийслэлийн 2024 оны төсөв батлагдсан зэрэгтэй холбоотойгоор үйлдвэрлэл, технологийн паркуудын хуулийн этгээдийн хэлбэрийг өөрчлөн байгуулах, дүрмийг батлах тогтоолыг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөхөөр тогтоолын төсөлд тусгасан байна.


Үүнээс гадна Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн өргөтгөл, Баянзүрх дүүргийн 304 дүгээр цэцэрлэгНалайх дүүргийн “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн өргөтгөл, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөл, Сонгинохайрхан дүүргийн 330 дугаар цэцэрлэг болон Сүхбаатар дүүргийн 159 дүгээр сургуулийн барилга, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Сэлбэ дэд төв дэх 28МВт хүчин чадал бүхий дулааны станцын барилга, мөн Баянзүрх дүүргийн 52 болон 321 дүгээр цэцэрлэгийн А, Б байрыг нийслэлийн өмчид бүртгэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж, баталжээ.

 




Холбоотой мэдээ