БАЯНХОНГОР: Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-03-27 15:00:26

Баянхонгор, 2024 оны гуравлугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-д заасны дагуу энэ сарын 28-ны 16.00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг орон даяар зохион байгуулна.


Тус үйл ажиллагаа зарлан мэдээллийн техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгах, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын мэдлэг мэдээлэл, оролцоог дээшлүүлэх зорилготой. Мөн газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах ач холбогдолтой юм.


Иймд иргэд дадлага, сургуулийн үеэр барилга байгууламжаас гарч аюулгүй талбайд очин өөрийн аюулгүй байдлаа хангахыг аймгийн Онцгой байдлын газраас зөвлөлөө.

ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ ҮЕД ХИЙХ 3 АЛХАМ
1. Эхний дохио дуугарахад: Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэх үе гэж бодон барилгын даацын хана, бат бөх ширээн доогуур орж өөрийн аюулгүй байдлаа ханган түр хүлээх,
2. Хоёр дахь дохио дуугарахад: Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэхээ болих үе гэж бодон баруун гарын дүрэм баримтлан, толгойгоо хамгаалж яаралтай аюулгүй талбай руу гарах,
3. Гурав дахь дохио дуугарахад: Барилга байгууламжид хүн үлдсэн эсэх талаар мэдэх, аюулгүй байдал хариуцсан ажилтанд бүртгүүлэх шаардлагатай.


Баянхонгор аймгийн нутаг дэвсгэр газар хөдлөлтийн идэвхжилт өндөр бүсэд багтдаг. Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа "Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх, барилгын норм ба дүрэм"-д Баянхонгор аймгийн Баянлиг, Баянговь, Баян-Өндөр, Баянцагаан, Заг, Жаргалант сумын нутаг дэвсгэр газар хөдлөлтийн 9 баллын бүсэд, Баянхонгор, Өлзийт, Богд, Шинэжинст, Баян-Овоо, Бөмбөгөр, Баянбулаг, Гурванбулаг, Эрдэнэцогт сумын нутаг дэвсгэр 8 баллын бүсэд, Баацагаан, Галуут, Жинст, Бууцагаан, Хүрээмарал сум 7 баллын бүсэд хамаарна гэж нормчлон тогтоосон байдаг байна.


Монгол Улсын газар хөдлөлтийн баллыг 1968 онд тогтоосон тул 1970 оноос өмнө барьж ашиглалтад оруулсан бүх төрлийн зориулалттай, инженерийн хийцтэй барилгуудын газар хөдлөлтийн хүчийг тооцоогүй, газар хөдлөлтөд тэсвэргүй гэж үнэлж байна. Баянхонгор аймгийн хэмжээнд ашиглаж байгаа нийт 412 барилга байгаагаас газар хөдлөлтөд тэсвэргүй барилгын тоо 19 байгаа гэж дүгнэжээ.


Тус аймгийн 412 барилгаас газар хөдлөлтөд бага эрсдэлтэй 287, дунд эрсдэлтэй 159, их эрсдэлтэй 19 барилга байна гэж дүгнэлт гарсан бөгөөд ашиглаж буй барилгуудыг үндсэн хийц бүтцээр нь ангилахад, тоосгон хийц бүтэцтэй 52.2 хувь, каркасан буюу бүрэн цутгамал хийц бүтэцтэй 41 хувь, модон хийц бүтэцтэй 6.18 хувь, ган бүтэцтэй 2.98 хувь байгаа аж.


Сүүлийн жилүүдэд Баянхонгор аймгийн хэмжээнд 3.5-5.2 магнитутын хүчтэй газар хөдлөлт Баянхонгор, Богд, Баянлиг, Баянговь, Шинэжинст, Баян-Өндөр, Баянцагаан, Баацагаан, Бөмбөгөр, Баянбулаг сумын нутаг дэвсгэрт мэдрэгдэж бүртгэгдсэн байна.

Холбоотой мэдээ