Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2024-03-28 17:15:44

ТОКИО, 2024 оны гуравдугаар сарын 28 /AFP/. Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Японы усанд сэлэлтийн тамирчин Рикако Икээ Парисын Олимпын 100 м-ийн эрвээхэй сэлэлтийн төрөлд өрсөлдөх болзлыг хангалаа. Тэрбээр гурван жилийн өмнө болсон Токиогийн Олимпын наадмын ганцаарчилсан төрөлд өрсөлдөж чадаагүй юм.


Р.Икээ 2018 оны Азийн наадамд 18 настайдаа оролцож, зургаан алт, хоёр мөнгөн медаль хүртсэнээр тус наадмын хамгийн үнэ цэнтэй тамирчнаар шалгарч байсан бөгөөд Токиогийн Олимпод өндөр амжилт үзүүлэх магадлалтай тамирчнаар нэрлэгдэж байсан юм.


Гэтэл үүнээс хэдхэн сарын дараа буюу 2019 оны эхээр тэрбээр цусны хорт хавдартай гэж оношлогдож, 10 сар орчмын хугацааг эмнэлэгт өнгөрүүлжээ. Улмаар 2020 оны наймдугаар сараас тэмцээн уралдаандаа эргэн оролцож, 2021 оны Олимпын сорил тэмцээнүүдэд 100 м-ийн чөлөөт сэлэлт, 100 м-ийн эрвээхэй сэлэлтэд түрүүлэн гайхамшгийг бүтээсэн юм.


Хэдийгээр түүний хувьд Токиод болох Олимпын наадмын ганцаарчилсан төрөлд оролцох эрх авахад хангалттай хугацаа байгаагүй боловч үзүүлсэн амжилтынхаа ачаар Олимпын чөлөөт болон холимог буухиа сэлэлтийн багийн төрлүүдэд оролцож байв.


Өдгөө 23 настай Р.Икээ Японд болсон сорил тэмцээнд өрсөлдөгчөөсөө 0.01 секундын өмнө барианд орсноор энэ зун болох Олимпын наадмын 100 м-ийн эрвээхэй сэлэлтийн төрөлд оролцох эрхээ авчээ. “Бурхан өнөөдөр намайг ивээлээ гэж бодож байна” хэмээн тэрбээр сэтгэгдлээ хуваалцлаа.




Холбоотой мэдээ