ХӨВСГӨЛ: “Хөх баавгай” төслийг БНСУ-ын МВС телевизээр сурталчилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-04-04 09:45:52

Мөрөн 2024 оны дөрөвдүгээр  сарын 4 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хүрээнд "Хөх баавгай Хөвсгөл" аялал жуулчлалын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 




Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогод Хөвсгөл аймгийг аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Иймд орон нутгийн бараа бүтээгдэхүүнийг бий болгох, аяллын жимээр худалдах, нутгийн брэнд хөгжүүлэхэд БНСУ-ын MBC телевизтэй хамтран ажиллаж, Хөх баавгайн жимээр буюу Солонгосын жуулчдад зориулсан “Хөх баавгай-кимбаб” шинэ аяллын хөтөлбөр гаргахаар болсон гэдгийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээллээ.


Энэхүү хөтөлбөр нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжих, хилийн бүсийн аялал жуулчлал, боомт худалдаа, зам дагуух аялал жуулчлал, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэгдэж байна.




Хөтөлбөрийн хүрээнд сум бүр өөрсдийн онцлогт тулгуурлан нэрийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээтэй болох, аялал жуулчлалын өртгийн сүлжээнд бүртгэх, брэнд бүтээгдэхүүнтэй болох юм.

Тухайлбал, Арбулаг сумын иргэд Хөх баавгай брэнд тараг, Улаан-Уул сумын иргэд Хөх баавгай нэртэй аньсны чанамал, Баянзүрх сумын иргэд Хөх баавгай нэртэй зэрлэг сонгинын брэнд бүтээгдэхүүнтэй болохоор зорьж байна.




Үүний үр дүнд иргэд нутгийнхаа аялал жуулчлалаар дамжуулж, гадаад, дотоодын жуулчдад нэрийн бүтээгдэхүүнээ борлуулж, амьдралын чанараа дээшлүүлэх боломж бүрдэх юм.

 

Холбоотой мэдээ