Казахстан улстай ялтан шилжүүлэх гэрээ байгуулна

Монголын мэдээ | Хууль
mn_tuul@montsame.mn
2016-10-05 12:38:16

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.И.Кобландиныг өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд ноён Кобландин өнгөрөгч зун Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын хуралд Казахстан улсын Ерөнхий сайд биечлэн оролцож улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай хоёр улсын хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх талаар ярилцсан болохыг дурдав.

Мөн Казахстан Монгол хоёр орон эрт дээр үеэс түүх соёлын хэлхээ холбоотой болохыг дурдаад аж байдал, зан заншлын хувьд адил төстэй хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх нь эн тэргүүний зорилт болохыг тодотгов. Мөн ирэх жил хоёр орны Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан болно гээд энэ хуралд Монгол Улсын ХЗДХЯ идэвхтэй оролцоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.


Түүнчлэн Монгол Казахстан хоёр улсын хооронд ялтан шилжүүлэх гэрээ байгуулах ажил бэлэн болсныг тэмдэглэв. Сайд С.Бямбацогт хэлсэн үгэндээ Монгол Казахстан хоёр улс өнө эртний уламжлалт найрсаг харилцаатай ард түмэн 90 оноос хойш хоёр орны иргэд харилцан зорчих, худалдаа бизнес хийх өргөн боломж бүрдсэн болохыг онцлолоо.

Казахстан улсад болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ээлжит хурлын үеэр хоёр орны хооронд Ялтан шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурахаа мэдэгдэв. Мөн хоёр улсын Засгийн газар, хууль сахиулах байгууллага, иргэд хуулиа ягштал мөрдөөд явах юм бол иргэд харилцан зорчих болон харьяалалтай холбоотой аливаа бэрхшээлтэй асуудлыг цэгцлэх боломж байгааг тодотголоо.

Холбоотой мэдээ