Ж.Инфантино: Домогт хөлбөмбөгчдийн ДАШТ-ийг зохион байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-05-17 14:27:18

БАНГКОК, 2024 оны тавдугаар сарын 17. /ТАСС/. Хөл бөмбөгийн спортын домог болсон тамирчдын аялан тоглолтыг дэлхий даяар зохион байгуулахаар Олон улсын хөл бөмбөгийн холбоо /ФИФА/ төлөвлөж байгаагаас гадна алдартай “зодог тайлсан” хөлбөмбөгчид оролцсон ДАШТ-ийг санаачлан явуулна. Энэ тухай Бангкок хотноо болж буй ФИФА-гийн 74 дүгээр их хурлын үеэр тус холбооны ерөнхийлөгч Жанни Инфантино мэдэгдлээ.


2024 оны зун Англид хөл бөмбөгийн домгууд оролцсон ДАШТ-ийг зохион байгуулах гэж байгаа тухай 2 дугаар сард Daily Mail сонинд бичиж байсан юм.


“Дэлхий даяар ФИФА-гийн 75 академийг байгуулах төлөвлөгөө бидэнд бий. Мөн хөл бөмбөгийн домог болсон тамирчдын аялан тоглолтыг зохион байгуулснаар хөгжөөн дэмжигчид тэднийг нүдээрээ харах боломжтой. Домог болсон тамирчдыг оролцуулсан ДАШТ-ийг зохион байгуулбал бүр ч сонирхолтой. Түүнчлэн бид кибер хөл бөмбөгийг хөгжүүлэх болно. Манай ажилтнуудад зориулсан мэргэжил дээшлүүлэх курсыг зохион байгуулна, мөн хөлбөмбөгчдөд зориулсан менежментийн курсыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Мэдээж хэрэг, нийгмийн асуудал, хүний эрхийн асуудалд анхаарлаа хандуулна” гэж Ж.Инфантино ярилаа.


Түүний үзэж байгаагаар, АНУ, Мексик, Канадад болох ДАШТ-ийг Супербоултой харьцуулахад илүү олон хүн үзэх ажээ. “Супербоул гэж юу вэ гэдгийг бид бүгдээрээ мэднэ, гэхдээ ямар ч Супербоулын үзэгчдээс олон дахин илүү тооны хүн буюу цэнгэлдэх хүрээлэнгүүдэд 6 сая, телевизээр 5-6 тэрбум хүн ДАШТ-ийг үзэх болно” гэж ФИФА-гийн ерөнхийлөгч хэллээ.


ДАШТ 2026 оны 6 дугаар сарын 11-нээс 7 дугаар сарын 19-нд АНУ, Мексик, Канадад болно. 

Холбоотой мэдээ