ДАРХАН-УУЛ: Технологийн шинэ дэвшлийг таниулах “Нээлттэй ирээдүй” үйл ажиллагаа хоёр өдөр үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-05-17 15:14:50

Дархан, 2024 оны тавдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Дархан хотын хүүхэд, залуучуудад зориулан технологийн шийдлийг таниулах зорилгоор “Нээлттэй ирээдүй” үйл ажиллагаа Залуучууд театрт болж байна. Хоёр дахь жилдээ болж буй энэ үйл ажиллагааг Голомт банк санаачлан хэрэгжүүлж байна.




Өсвөр нас, оюутан залууст чиглэгдсэн арга хэмжээнд программ хангамж, боловсрол, санхүү, харилцаа холбоо, худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 40 орчим байгууллага нэгдэж оролцож манай улсад ашиглагддаг, өдөр тутам хэрэглэгддэг техник, технологийн дэвшлийг танилцуулж байна.




Үйл ажиллагааны хүрээнд орон нутгийн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан тусгай хөтөлбөр, сургалт зохион байгуулах, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр тусгай хөтөлбөр бэлтгэжээ. 



Уг үйл ажиллагаанд оролцсоноор өөрийн бизнесийн хамтрагчаа олох, шинээр гарсан стартап үйлчилгээтэй танилцах, оролцогч байгууллагуудын хөнгөлөлтөд хамрагдах, технологийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа эхлүүлэх, туршлага солилцох боломжтой гэж зохион байгуулагчид онцолж байна.




Энэ үеэр Залуучууд театрын их танхимд хүүхэд залууст зориулан үндэсний дээд лигийн “Натур мед Толун” багийг бүрэн бүрэлдэхүүнээр урьж чөлөөт ярилцлага, асуулт хариулт, хамтдаа зураг авхуулах тусгай хөтөлбөрийг багтаажээ. Мөн Дархан хотын иргэдэд зориулан нөхөрсөг тоглолт зохион байгуулах ажээ.







  





Холбоотой мэдээ