БАЯН-ӨЛГИЙ: Урианхай сурын аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 17 баг өрсөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-05-17 17:00:20

Өлгий, 2024 оны тавдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улсын урианхай сурын Хүндэт мэргэн, үндэсний сурын спортын мастер, аймгийн начин Аюушийн Жанчивдоржийн нэрэмжит урианхай сурын аймгийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Өлгий хотод эхэллээ.


Монголын эртний уламжлалт харвааны нэгэн төрөл урианхай сурын харвааг хөгжүүлэх, уламжлалт ёс заншил, өв соёлыг залуу үе болон олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, харваачдын ур чадварыг дээшлүүлэх зорилготой уг тэмцээнийг аймгийн Биеийн тамир, спортын газар, Сурын холбоо, Хүндэт мэргэн А.Жанчивдорж агсны гэр бүл, төрөл төрөгсөд нь хамтран зохион байгуулж байна.


Тэмцээнийг багийн харваа, цуваа харваа (насанд хүрэгчид, ахмад, хүүхэд)-ны төрлөөр явуулж байгаа ба Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Алтай, Буянт, Бугат, Өлгий, Алтанцөгц, Булган сумаас 17 багийн 170 харваач оролцож цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна.


Урианхай сурын аймгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. 



Ташрамд сануулахад, урианхай сур харваа нь хамгийн эртний харваа бөгөөд Чингисийн үеэс улбаатай гэж судлаачид үздэг. Зөвхөн эрэгтэй хүн харвадаг,  харвах зай нь ойрхон буюу 40 метр байдгаараа халх сураас ялгаатай юм. Мөн наадмаар харвах зуны сур харваа, өвөл гол, нуурын мөсөн дээр харвах “Мөсний сур харваа” гэсэн хоёр төрөлтэй байдаг.


Холбоотой мэдээ