Сансарт зэвсэг байрлуулахыг хориглох тухай Оросын тогтоолын төслийг баталсангүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-05-21 09:38:01

НЬЮ-ЙОРК, 2024 оны тавдугаар сарын 21 /TASS/. Сансарт зэвсэг байрлуулахгүй байх тухай ОХУ-ын санал болгосон тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл баталсангүй. Тус Зөвлөлийн гишүүн 15 орны 7 нь уг төслийг батлахыг эсэргүүцжээ. 


Тогтоолын төслийг Орос, Хятад зэрэг долоон орон дэмжсэн бол Швейцарын тал санал өгөхөөс түдгэлзжээ. Уг тогтоолыг батлахын тулд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн доод тал нь есөн гишүүний дэмжлэг шаардлагатай байв.


Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрийг эсэргүүцсэн нь АНУ сансар огторгуйг үргэлжлүүлэн цэрэгжүүлэх санаатай байгааг нотолж байна гэж НҮБ-д суугаа Оросын байнгын төлөөлөгч Василий Небензя мэдэгджээ.


Өнгөрсөн дөрөвдүгээр сард Оросын тал дэлхий орчмын тойрог замд цөмийн зэвсэг болон үй олноор хөнөөх бусад зэвсгийг байрлуулахыг хориглох тухай АНУ-Японы тогтоолд хориг тавьсан юм.


АНУ хиймэл дагуулын сүлжээгээ халдлагаас хамгаалах, бусад орны хиймэл дагуулуудыг ажиллагаагүй болгож чадах шинэ үеийн газарт ба сансарт байрлуулах боломжтой технологийг боловсруулахаар төлөвлөж байна гэж “Нью-Йорк Таймс” сонинд Пентагоны албан тушаалтнуудаас эш татан өнгөрсөн долоо хоногт мэдээлжээ. 



Холбоотой мэдээ