БАЯН-ӨЛГИЙ: Улаанхус суманд тарваган тахлаас урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-05-21 14:35:48

Өлгий, 2024 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн хээрийн ажлын баг тарваган тахлын голомт идэвхтэй байгаа нутгуудад ажиллалаа.


Тус аймгийн Улаанхус сум нь тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй нутгуудын нэг. Хээрийн ажлын баг тухайн сумын Өртөөн булаг, Зуслаг булаг, Бор хаг, Хар магнай хэмээх газруудаар өнгөрсөн долоо хоногт 4 хоног ажиллажээ.


Учир нь дээрх нутгуудад мэрэгч амьтны тоо толгой олширч, халдварын эрсдэл нэмэгдсэн тул 12000 га талбайд шавж, шимэгч, мэрэгч амьтдыг устгав.


Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс хийсэн тандалт судалгаагаар Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Улаанхус, Цэнгэл, Бугат, Буянт, Алтай, Толбо, Дэлүүн, Булган сум нь тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй нутаг болох нь тогтоогдсон. Тухайн сумдад 2001 оноос хойш тарваган тахлын 7 тохиолдол бүртгэгдэж, 2 хүн нас баржээ.  

Холбоотой мэдээ