СҮХБААТАР: Өсвөрийн сагсчид сурагчдын ДАШТ-д оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-05-27 14:35:08

Баруун-Урт, 2024 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт сүүлийн жилүүдэд багийн спорт эрчимтэй хөгжиж, бүхий л төрөлд баг тамирчид өндөр амжилтыг гаргасаар байгаа. Тэдний нэг бол өсвөрийн сагсан бөмбөгчид юм. Энэ оны УАШТ-д аваргалсан тус багийн тамирчид сурагчдын ДАШТ-д оролцоно.


Өсвөр үеийн сагсан бөмбөгийн U18 насны баг тамирчид 6 дугаар сарын 27-ноос 7 дугаар сарын 3-ны хооронд Макао улсад зохион байгуулах сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм. Багийн спортын төрөлд орон нутгийн өсвөрийн баг тамирчид  ДАШТ-д оролцож байгаа нь Сүхбаатар аймгийн төдийгүй Монгол Улсын спортын түүхэнд анх удаа болж буй тэмдэглэлт үйл явдал юм.



Дээрх тэмцээнийг Сүхбаатар аймгаас 16 хүний бүрэлдэхүүнтэй баг зорино. Спорт тэр дундаа багийн спорт зардал ихтэй. Баг тамирчдад ойролцоогоор 70 сая төгрөг шаардлагатай. Тиймээс "Сүхбаатар нэг мөрөөдөл" ТББ болон One dream клубээс "Мөрөөдлөө асаая" хандивын аяныг өрнүүлж эхэлжээ. Одоогоор 30 орчим сая төгрөг цуглараад байгаа гэнэ. Иймд аянд сүхбаатарынхан төдийгүй монголчуудаараа нэгдэж, баг тамирчдаа дэмжихийг уриаллаа.

 

Холбоотой мэдээ