Монгол Улсад 64 буудалт даамын дэлхийн цомын тэмцээн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-28 11:05:29

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улсад 64 буудалт даамыг хөгжүүлэх зорилгоор энэ оны 7 дугаар сарын 8-15-нд Улаанбаатар хотноо дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулах гэж байна.


Тэмцээнийг 64 буудалт даамын үндсэн гурван ангиллаар зохионо. Сонгодог, блиц төрлүүдийг орос дүрмээр, рапид төрлийг бразил дүрмээр явуулна. Олон улсын даамын холбооны 2024-2025 оны улирлын дэлхийн цомын анхны тэмцээн өнгөрсөн дөрөвдүгээр сард Туркт, хоёр дахь нь энэ сард Узбекистан улсад болсон юм.


Тэгвэл гурав дахь цувралыг манай улс эх орондоо хүлээн авахаар болж байна. Хоёр жилд нийт долоон цуврал тэмцээн болох бөгөөд хамгийн өндөр оноо цуглуулсан шилдэг тамирчид 2025 оны эцсээр шигшээ тэмцээнд оролцох эрх авах юм.


“Mongolia 2024” тэмцээн нь ирэх есдүгээр сард ОХУ-д болох ДАШТ-ний өмнөх хамгийн том сорилго, бэлтгэл болж буйгаараа онцлог ажээ.

Холбоотой мэдээ