ЭМГЭНЭЛ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khandmaa@montsame.gov.mn
2024-05-28 16:00:12

Бидний эрхэм дотнын нөхөр, үзэг нэгтэн номын садан, нэрт дипломатч, орчуулагч Чүлтэмийн Намчин хүнд өвчний улмаас таалал төгсөж, нөхөгдөшгүй гарз тохиолоо. 


Ч.Намчин нь 1952 онд Увс аймгийн Тэс сумын нутагт төрсөн. Тэрбээр 1972 онд Увс аймагт 10 жилийн дунд сургууль, 1972-1973 онд Эрхүү хотод орос хэлний бэлтгэл анги, 1973-1978 онд Москвагийн ОУХДС-ийг япон хэл, япон орон судлаач мэргэжлээр, 1983 онд Токиогийн ГХДС-ийн харьяа япон хэлний сургуулийг орчуулагч мэргэжлээр тус тус дүүргэжээ.

 

Ч.Намчин 1978-1987 онд ГЯЯ-нд атташе, 1987-1990 онд Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-нд нарийн бичгийн дарга, Элчин сайдын эзгүйд хэргийг түр хамаарагч, 1990-2020 онд Японы “Киодо Цүүшин” агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгч, 2020 оноос тус агентлагийн Монгол Улс дахь салбарт Зөвлөхөөр ажиллаж байлаа.

 

Ч.Намчин нь Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагтай олон жилийн найрсаг хамтын ажиллагаатай Япон Улсын “Киодо Цүүшин” мэдээллийн агентлагийн салбарыг Монгол Улсад байгуулж, хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд сүүлийн 30 гаруй жилийн турш МОНЦАМЭ, “Киодо Цүүшин” агентлагуудын харилцааны гол холбогч гүүр болж ажиллаж ирсэн юм.

 

2016 оноос Мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, “Хүмүүн бичиг” сониноос жил бүр зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” олон улсын уралдааны ивээн тэтгэгчийн нэг болж, тус уралдааны шилдэг оролцогчдод жил бүр өөрийн нэрэмжит шагналыг хүртээн, монгол бичиг, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, хадгалж хамгаалахад үйлс зорилго нэгдэн ажиллаж ирсэн билээ.

 

Мөн үүний зэрэгцээ орос, япон, англи хэлнээс уран зохиолын бүтээл орчуулж, олон нийтийг соён гэгээрүүлэх үйлсэд авьяас билиг, мэдлэг ухаанаа зориулсан соёлын нэрт зүтгэлтэн байв. Тэрбээр Оросын их яруу найрагч А.С.Пушкин, С.С.Есенин, А.А.Ахматова, Дагестаны нэрт яруу найрагч Р.Гамзатов, Японы яруу найрагч Миязава Кэнжи нарын зэрэг олон яруу найрагчийн сор болсон бүтээлүүдийг Монголынхоо уншигч, олон нийтэд хүргэсэн шилдэг орчуулагч төдийгүй төрөлх хэлнийхээ уран тансаг, утга төгөлдөр найруулах ёсыг чадварлаг эзэмшсэн авьяаслаг уран бүтээлч юм.

 

2024 онд өөрийн утга зохиолын бүтээлийн эмхэтгэл “Тэнгэрлэг монгол адуу” хэмээх номоо уншигчдын хүртээл болгосон билээ. Номын садан, дуун хөрвүүлэгч үзэг нэгт нөхрийнхөө оюун эрдмийн бүтээлээс бид судалж суралцан, даруу төлөв, хүнлэг зан чанарыг нь ямагт дурсаж явах болно.

 

Талийгаачийн гэр бүл, ах дүү, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

 

                        Үндэсний Мэдээллийн МОНЦАМЭ агентлаг

 

 

 

ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛ ЮУГААН ХЭМЭЭСЭН ӨГӨӨМӨР НАНДИН СЭТГЭЛ,

БУЯНТ ЭРХЭМ ҮЙЛСИЙГ НЬ БАЙНГА ДУРСАН САНАХ БОЛНО

 

Бидний эрхэм дотнын хүмүүн, үндэсний өв соёлын хамтран зүтгэгч, нэрт дипломатч Чүлтэмийн Намчин абугай бээр хүнд өвчний учир таалал төгссөн тухай харамсалтай мэдээг хүлээн аваад сэтгэл шимшрэн гашуудаж байна. Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.


Бурхан болооч бээр эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу гадаад харилцааны албанд насан турхруу нэгэн үзүүрт сэтгэлээр хичээн зүтгэхийн сацуу үндэсний хэл, бичиг соёлоо дээдлэн дэлгэрүүлэх, хойч үедээ сургаж өвлүүлэх зорилтот үйлсэд сэтгэл оюунаа чилээж, бодит хувь нэмрээ оруулахыг хичээж ирсэн, салбарын тэргүүлэх сэхээтэн, ахмад үеийн үлгэрлэн манлайлагчийн нэг байлаа.


Ахмад дипломатч Ч.Намчин нь Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг сониноос зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” олон улсын уралдаанд 2016 оноос эхлэн анд нөхөр, ахмад дипломатч Г.Луузан, тайз, дэлгэцийн нэрт жүжигчин, МУСТА Р.Анхням нарын хамтаар дэмжигчээр оролцож, нэрэмжит шагналаа санаачлан буй болгож, сүүлийн есөн жилийн туршид тасралтгүй хүртээж, монгол бичигтэн болж буй шилдэг сурагч, оюутан, сонирхогч иргэд, багш нар, уран бичээч, ахмад настныг урамшуулан тэтгэж ирснийг гүн хүндэтгэлтэйгээр дурсаж байна.

 

Их эзэн Чингис хааны байгуулсан эзэнт гүрний үеэс төлөвшиж тогтсон монгол төрийн гадаад харилцааны алтан аргамж буюу энх тайванч бодлого, түүний илэрхийлэл болсон үнэмлэх бичиг-элч төлөөлөгчийн гэрэгэ пайзыг монгол төрийн босоо бичиггүйгээр төсөөлшгүй юм. Босоо монгол бичгийнхээ улс орны гадаад харилцаанд гүйцэтгэж ирсэн түүхэн үүрэг, цаашид тасралтгүй үйлчлэх үл давтагдах үнэт чанарыг манай үе үеийн дипломатчид, элчин сайд нар, түүний дотор талийгаач маань хамгийн сайн ухаарч мэдэрсэн шилдэг сэхээтний нэг байсан билээ.

 

Улс орнууд зэрэгцэн орших, эв нэгдлийн зарчмаар найрсаг харилцах соёлт ёсыг төлөвшүүлэхийн төлөө, үндэсний бичиг соёлоо монголынхоо төр засаг, ард түмэнд эгүүлэн олгох, ард нийтээрээ албан ёсоор хэрэглэдэг болгохын тулд сэтгэл оюун, эрдэм мэдлэг, удаан жилийн баялаг туршлагаа бүрэн зориулж явсан эрхэм таныхаа буянт үйлс, өгөөмөр өглөгч сэтгэл, хүмүүн ёсны дотно харилцаа, эгэл даруухан бөгөөд эрхэмсэг зан чанарыг бид ямагт дээдлэн санаж, гэгээн дурсгалыг тань хүндэтгэж явах болно.

 

“Монголын сайхан бичигтэн” олон улсын уралдаанд санаачлан буй болгосон таныхаа нэрэмжит шагналыг хэвээр хадгалж, үндэсний бичиг соёл юугаан төлөөх цаглашгүй үйлсийг тань, таныхаа үрс хойчистой хамтран үргэлжлүүлэх болно.

 

Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “ХҮМҮҮН БИЧИГ” сонины ахлах редактор Б.Элбэгзаяа

 

“Хүмүүн бичиг” сонины хамт олон

 

 

Холбоотой мэдээ