Органик бүтээгдэхүүний жагсаалтад сарлагийн сүүн зайрмаг оржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-05-30 17:13:36

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Органик шошигтой бүтээгдэхүүнээр Хөвсгөл аймаг орон нутагт тэргүүлж байна.


Тус аймгийн орон нугийн брэнд болсон нөөшилсөн загас, жимсний чанамал, “Тайга”, “Хөвсгөл” цай араасаа олон бүтээгдэхүүн дагуулжээ. Чацаргана, аньсны цэлцгэнүүр, борц, таван цулын бэлэн хоол, хоолны бэлэн хачир, олон үртэй, самартай талх, сарлагийн сүүн зайрмаг гээд органик бүтээгдэхүүний жагсаалт өргөжиж байна. 

Энд сарлагийн сүүн зайрмагийг онцолж байна. Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны өндөр настай О.Дүүжий ийм зайрмагийн цех байгуулан эхнэртэйгээ хамт бичил бизнес эрхлэж байна. Тэрбээр анх талх барьж, тэргэнцэр дээрээ ачиж сумын төвийн сургууль,цэцэрлэгт нийлүүлж, дэлгүүрүүдэд өгч борлуулдаг байсан О.Дүүжий өвгөн өнөөдөр сарлагийн сүүгээр зайрмаг хийж, зөвхөн сумын төв гэлтгүй хаа холынхны очих дуртай дэлгүүртэй, эко зайрмаг үйлдвэрлэж байна.




Эднийх анх АХБ-ны амьжиргааг дэмжих төслөөс 15 сая төгрөгийн зээл авч, бичил бизнесээ эхлүүлжээ. Түүн шиг Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны 190 өрх 2017 оноос АХБ болон Японы Засгийн газрын санхүүжүүлэлттэй, 200 мянган ам.долларын хөрөнгийн сантай, Тогтвортой амьжиргааг дэмжих төслөөс 605 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч, бичил, жижиг бизнес эрхлэж байна.

“Манай тосгонд хугацаа хэтрүүлсэн болон муу ангилалд орсон нэг ч зээлдэгч байхгүй” хэмээн Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Зээлийн эргэлтийн сангийн хорооны дарга, эдийн засагч Н.Ням-Осор хэлсэн юм.  




“Органик бүтээгдэхүүн гэдэг нь зөвхөн эрүүл, аюулгүй хүнс үйлдвэрлэх гэдэг агуулгаас гадна байгаль орчинд ээлтэй, байгалийн баялгийг хадгалж хамгаалах үр дүнтэй үйлдвэрлэл, хэрэглээний хандлага болж байгаа”-г ХХААХҮЯ-ны хэлтсийн дарга О.Онон хэлж байна. Тэрбээр одоо органик үйлдвэрлэлийг худалдан авалтаар дэмжих нь чухал байгааг онцоллоо.



 

Холбоотой мэдээ