Өнөөдөр тамхитай тэмцэх дэлхийн өдөр

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-31 08:43:27

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Жил болгоны энэ өдөр тамхи, түүний хор хөнөөлийг олон нийтэд  ухуулан таниулах ажлыг зохион байгуулсаар ирсэн.


1988 онд Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 32 дугаар чуулганаас тамхины хэрэглээ болон тамхины утаанаас үүдсэн хор хөнөөл, байгаль орчин, эдийн засагт үзүүлэх хор хөнөөл, гамшгаас хойч үеийнхнийг хамгаалах зорилгоор тавдугаар сарын 31-ний өдрийг “Тамхины эсрэг дэлхийн өдөр” болгон зарласан бөгөөд жил бүр тодорхой уриатай тэмдэглэдэг.


Тэгвэл энэ жилийг “Тамхины үйлдвэрлэл, хөндлөнгийн оролцооноос хүүхдүүд, өсвөр үеийг хамгаалъя” уриан дор тэмдэглэх бөгөөд өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд, маргааш Сүхбаатарын фото зураг, Аха, тик ток, Рийлс, эрүүл мэндийн үзлэг, жүжигчилсэн зохиомж, соёл урлагийн тоглолтыг зохион байгуулах аж.  


Тамхины хэрэглээ дэлхий даяар цар тахлын хэмжээнд хүрсэн бөгөөд жил бүр тамхидалтын улмаас найман сая гаруй хүн амь насаа алдаж байгаа бөгөөд тэдний 1.2 сая нь дам тамхидалтын шалтгаантай байна. Эдгээр тохиолдлын ихэнхийг хөгжиж буй улс орны 30-69 насны хүн ам эзэлж байгаа юм. Монгол Улсын хүн амын 27.1 хувь тамхи татдаг гэсэн судалгаа бий. Үүний 96.8 хувь нь тамхийг өдөр бүр тогтмол татаж байна. Түүнчлэн хоёр эрэгтэй хүн тутмын нэг нь тамхи татдаг бол 20 эмэгтэй тутмын нэг нь тамхи татдаг ажээ. Мөн өсвөр үеийнхний 61 хувь нь тамхи татаж үзсэн байдаг. Энэ тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь мэргэжилтнүүдийн санааг зовоосон нэг асуудал болж байна.


Манай улсад төдийгүй дэлхий даяар нас баралтын тэргүүлэх шалтгаан болоод байгаа зүрх судасны өвчин, хорт хавдар, амьсгалын замын архаг өвчин, чихрийн шижин зэрэг сэргийлж болох халдварт бус өвчнүүдийн хамгийн том шалтгаан нь тамхидалт гэдгийг эрүүл мэндийн байгууллагынхан онцолж байгаа юм. 

Холбоотой мэдээ