Хэрэгцээт сургалтуудаа авахыг санал болголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн Насан туршийн боловсролын төвөөс нийт иргэддээ хэрэгцээт сургалтуудаа авахыг хүслээ.
Тус төв нь бүх насны иргэдийн тасралтгүйгээр, насан туршдаа суралцах, хөгжих орчин, нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд чиглэж ажилладаг юм. Тэд гэр бүлийн боловсрол, иргэний боловсрол, ёс суртахуун төлөвшлийн боловсрол, амьдрах ухаан, эрүүл мэнд, гоо зүй мэдрэмж гэсэн чиглэлүүдээр 45 сэдвийн сургалтыг санал болголоо.
Иргэддээ насан туршдаа боловсрох үүдийг тэд ийнхүү нээж өгч байгаа юм. Суралцахыг эрхэм болгосон оюунлаг иргэдийг байгууллага, хамт олон, бүлэг, клубээрээ хамтран хэрэгцээт сургалтуудаа захиалан авч хамтдаа хөгжихийг тус төвөөс уриалсан юм.
Өмнөговь аймгийн Насан туршийн боловсролын төв нь 2014 оны 6 сард байгуулагдсан ажээ. Тус төв нь аймгийн төвдөө 7 орон тоотой, Хөдөөгийн 14 сумандаа салбар нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Өнгөрсөн онд амьдрах ухааны чиглэлээр 40 гаруй сэдвийн хүрээнд 269 цагийн сургалтанд 2240 хүнийг хамруулсан байна. Мөн дүйцсэн хөтөлбөрийн сургалтанд 18 хүүхдийг хамруулж 525 цагийн сургалт зохион байгуулсан бол бичиг үсгийн сургалтанд Даланзадгад сумын 9 хүнийг хамруулж 120 цагийн сургалт зохион байгуулж, бичиг үсгийн анхан шатны чадвар эзэмшүүлжээ. Энэ он гарсаар хөтөлбөрийнхөө дагуу сургалтуудаа явуулж байгаа бөгөөд иргэдээ хамтарч ажиллахыг хүслээ.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн