Ашиг сонирхлын зөрчилтэй мэдүүлэг гараагүй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2016-10-07 16:17:09

АТГ-аас нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 618 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгажээ.

Тухайлбал, Нийслэлийн газрын албаны орлогч даргаар томилогдохоор нэр дэвшсэн Д.Нямдаваа, Баянгол дүүргийн Газрын албаны даргаар томилогдохоор нэр дэвшсэн Г.Мөнхбаатар, Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны даргаар томилогдохоор нэр дэвшсэн Б.Алтанхундага нарын зэрэг 251 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзжээ. 

Томилсон тушаал, захирамжийг хүчингүй болгох, ангилал зэрэглэл хамаарахгүй, хуулийн үйлчлэлд хамаарагдахгүй, орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон зэрэг үндэслэлээр 9 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг буцаажээ.

Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал бий болсон, ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдлыг тогтоож анхааруулсан, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсныг анхааруулсан, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй зэрэг үндэслэлээр 37 иргэний урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгсөн байна.

Б.Туул

Холбоотой мэдээ