Өвөрхангайд “Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-10-07 16:49:43

“Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь төсөл”-ийн хүрээнд Өвөрхангай аймаг "Сургуулийн үйл ажиллагаанд эцэг эх, олон нийтийн оролцоо, эгэх хариуцлагыг нэмэгдүүлэх нь" дэд төслийг 11 дүгээр сарын 10-аас эхлүүлэх юм.

Төслийг хэрэгжүүлэгч Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгээс төслийн баг хүрэлцэн ирж, дэд төслийн дизайн боловсруулах уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтанд төрийн захиргааны болон төрийн бус байгууллага, боловсролын байгууллага, иргэдийн төлөөлөл оролцож санал солилцжээ.

“Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь төсөл” нь боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, үйлчилгээ үзүүлэгч байгууллага хоорондын бүтээлч, үр дүнтэй харилцааг бий болгох, тэдний чадавхийг сайжруулах чиглэлээр хэрэгжих аж. Төсөл 2019 хүртэл хэрэгжих юм.

Төслийн үр дүнд бий болсон сайн туршлагуудаар ном товхимол гаргаж 21 аймгийн боловсролын салбарт түгээн дэлгэрүүлнэ.

Швейцарын Хөгжлийн Агентлаг,  Дэлхийн банкны хамтарсан санхүүжилтээр “Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь төсөл”  Монгол Улсын 10 аймаг,  нийслэлийн 3 дүүргийн эрүүл мэнд, боловсролын салбарт хэрэгжиж эхлээд байгаа юм.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ