ЗАВХАН: Тосонцэнгэлийн усан цахилгаан станцын хиймэл нуурт загас үржүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-06-06 14:22:08

Улиастай, 2024 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Идэр голын хиймэл нуурт загас үржүүлгийн ажлыг эхлүүлнэ. 


Идэр голын Тосонцэнгэл сумын нутгаар дайрах Дархан уул Савын толгойн хавцлыг хааж 8012 м.кв талбай бүхий хиймэл нуурыг үүсгэж, 375 кВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станцыг анх 2005 онд байгуулж байжээ.

Тухайн үед ХБНГУ-ын 900 сая төгрөгийн санхүүжилтээр байгуулж одоог хүртэл эрчим хүч түгээж байна.

Гэвч уг станцыг байгуулснаас хойш загасны нүүдэл хязгаарлагдаж, тоо толгой цөөрсөн тухай нутгийн иргэд гомдол хүргүүлсэн.


Идэр гол, Тосонцэнгэл УЦС

Мөн нуурын ус лаг шавар болсон төдийгүй станцын загас дамжуулах хоолой нь загас чөлөөтэй саадгүй дамжин өнгөрөх нөхцөл бүрэн хангагдаагүй байдалтай бид газар дээр нь очиж судалгаа хийсэн.

Тиймээс  Идэр голын Сав газрын захиргаа, Чулуут тул нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагатай хамтран Тосонцэнгэл УЦС-ын санхүүжилтээр загас үржүүлэх ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.


Идэр голын Сав газрын захиргаа, Чулуут тул нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын

загас үржүүлэх ажлыг зохион байгуулж буй багийнхан 

Энэ ажлын хүрээнд цэнгэг усны индикатор болох зэвэг, хадран загасны 50000 жарамгайг станцын хиймэл нуурт үржүүлэх ажлыг энэ сарын 8-ны өдөр хийх гэж байна. Ингэснээр Идэр голын усны цэвэр ариун байдлыг хадгалах, хамгаалах төдийгүй цаашид агнуурын нөөц бий болгох ач холбогдолтой юм.



Зэвэг, хадран загасны жарамгай

Идэр гол нь Завхан аймгийн Идэр сумын нутаг Отгонтэнгэр уулын ар Өлзийт хайрхан уулаас эх авч Завхан, Хөвсгөл аймгийн нутгаар дамжин Идэр голын хамгийн том цутгал Чулуут голтой нийлдэг.


Нийт 452 км газрыг туулан Дэлгэр мөрөнд цутгадаг маш цэвэр ангилалд хамаардаг 7 дугаар эрэмбийн томоохон гол юм гэж Идэр голын сав газрын захиргааны ахлах мэргэжилтэн Б.Гүррагчаа мэдээлэв. 

Холбоотой мэдээ