ТӨВ: Нэгдсэн эмнэлгийн “Эх нярайн клиник” ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-06-06 14:22:31

Зуунмод, 2024 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Улс, орон нутгийн төсвийн 6.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн 50 ортой төрөх эмнэлгийг шинээр барьж, үйл ажиллагаагаа өнөөдрөөс эхлүүллээ.

 

Төрөх шинэ эмнэлэгтэй болсноор амаржих эхчүүд орон нутагтаа тав тухтай, аюулгүй орчинд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжтой болж байна. 


 

Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Н.Энхтайванаас тодруулахад, Өмнө нь эхчүүд төрөх үед шатаар гарах, хагалгаанд орсны дараа зөөвөрлөх гэх мэт хүндрэлтэй асуудлууд үүсдэг байсныг цахилгаан шатаар шийдэж өгсөн. Мөн нярайн тусдаа кабинет байгууллаа. Түүнчлэн хүндрэлтэй тээж буй, төрөх хугацаа ойртсон ээжүүдийг бэлэн байлгах зорилгоор эхийн амрах өрөө, аав нарын амрах өрөө гаргасан. Ингэснээр сумдаас ирж байгаа ээж, аав нарт эмнэлгийн тусламж үйлчилгээ ойртож, хүртээмжтэй, ая тухтай болж байна.

 

Эх барих, эмэгтэйчүүдийн эмч Л.Цэрэндолгор, “Энэ эмнэлэгт эх барихын эмч 7, нярайн эмч 3, 30 гаруй сувилагч, ажилтнуудын бүрэлдэхүүнтэй ажлаа эхлүүлж байна. Жилд 27 сумын 1000 гаруй эх төрдөг. Шинэ эмнэлгийн хувьд умайн хүзүүний хорт хавдрыг илрүүлэх хиймэл оюун ухааны аппарат, 4D ургийн гажиг оношлох эхо аппарат, шарлагын аппарат зэрэг шинэ тоног төхөөрөмжтэй болсон. Ингэснээр тоног төхөөрөмжийн хангамж 89 хувьтай байна” гэв.  

 

Холбоотой мэдээ