Уушгины дурангийн төслийг япон мэргэжилтнүүдтэй хамтран хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2024-06-06 15:00:30

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Уушги, харшил судлалын төв, Япон улсын Олон улсын эрүүл мэнд, анагаах ухааны судалгааны үндэсний төвийн Амьсгалын эрхтний дотрын тасагтай хамтарсан “EBUS-д чиглэсэн бронхоскопийн сургалт, техникийн сайжруулалт” төслийн уулзалтыг УНТЭ-т өнөөдөр зохион байгууллаа.


Уулзалтын үеэр УНТЭ-ийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал хэлэхдээ, “Манай эмнэлгийн урдаа барьдаг, чухал салбарын нэг бол Уушги, харшил судлалын төв юм. Уушгины тасгийн хувьд харьцангуй залуу баг, орчин үеийн эмчилгээ оношилгооны технологийг өөрсдөө санаачлан төсөл бичиж амжилттай нэвтрүүлээд байгаа билээ. Манай улсын хувьд тоосжилт, агаарын бохирдол ихтэй учир уушгины эмгэгтэй хүмүүс жилээс жилд нэмэгдэж байна. Тэр тусмаа халдварт болон халдварт бус өвчин, уушгины хавдар ихсэж байгаа судалгаа гарсан” гээд Японы төлөөлөгчдөд хандан УНТЭ болон нийгэмлэг, холбоодтой хамтран ажиллахаар ирсэнд талархсанаа илэрхийлэв.


Хурлаар Олон улсын эрүүл мэнд, анагаах ухааны судалгааны үндэсний төвийн Амьсгалын эрхтний дотрын тасгийн эмч Кусаба Юүсакү төслийн талаар танилцуулга хийсэн бол АШУҮИС-ийн профессор, Уушги судлалын нийгэмлэгийн тэргүүн, анагаах ухааны доктор Д.Ичинноров Монголд ашиглаж буй уушгины дурангийн тухай асуудлаар, УНТЭ-ийн Уушги, харшил судлалын төвийн дарга Б.Одончимэг “Монгол дахь EBUS-ийн өнөөгийн байдал” сэдвээр тус тус мэдээлэл хийлээ.

Мөн уулзалтаар хоёр тал уушгины дурангийн чиглэлээр хамтран ажиллаж, төслөө цааш хэрхэн үргэлжлүүлэх талаар санал солилцсон юм. 





Холбоотой мэдээ