Жендэрийн тэгш байдлыг хангасан намуудад санхүүжилт олгохоор тусгажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны
зургадугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Жендэрийн
Үндэсний хорооноос “Сонгууль ба жендэр” сэдвээр сэтгүүлчидтэй уулзлаа. Уулзалт,
хэлэлцүүлэгт Жендэрийн Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын
албаны дарга Т.Энхбаяр, СЕХ-ны мэдээлэл, технологийн төвийн ахлах референт
П.Алтанчимэг, улс төр судлаач Д.Оргил нар оролцож мэдээлэл өгсөн юм.
Улстөрийн
намын тухай, УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр улс төрийн намууд
2023 оны 7 дугаар сараас эхлэн хүйсийн тэгш байдлыг намын сонгох, сонгогдох байгууллага
болон удирдлага, үйл ажиллагаандаа хангах, тодруулбал, хүйсийн харьцааг 40:60
хувь болгох үүрэг хүлээж буй. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хороо болон Жендэрийн
Үндэсний хороо намуудад мэдээлэл хүргэж байгааг Т.Энхбаяр мэдээллээ.
Тэрбээр, улстөрийн намуудтай хамтарч хийх үе шаттай ажлыг өнгөрсөн оноос эхлүүлсэн. Намын дунд шатны байгууллагуудад сургалт зохион байгуулж, жендэрийн бодлого боловсруулж гаргах, ҮСХ-той хамтран хүйсийн тэнцвэрт байдлын тайлангийн маягтууд батлуулж байгаа гэв.
УИХ-ын
энэ удаагийн сонгууль явагдаж дууссаны дараа улс төрийн намууд 6 сарын
хугацаанд Улстөрийн намын тухай хуулиар намын удирдах зөвлөл, бага хурал,
хяналтын зөвлөл зэрэг хуульд заасан 4-5 шатны байгууллагын бүтцэд хүйсийн
харьцааг хангуулна.
Энэ
ажлыг намууд сонгууль дууссаны дараа тайлагнаж Жендэрийн Үндэсний хороонд
хүргүүлэх юм. Тодруулбал, балансын тайлангаа Жендэрийн Үндэсний хороонд 3
дугаар сарын 1-ний дотор гаргаж өгөх юм. Жендэрийн Үндэсний хороо түүнийг нь боловсруулаад,
2025 оны 8 дугаар сарын 1-ны дотор СЕХ-нд дүгнэлт хэлбэрээр хүргүүлнэ. СЕХ
аудитын болон бусад тайлантай нэгтгэн тухайн намд улстөрийн санхүүжилт олгохоо
шийдэх юм гэдгийг тодотгож хэллээ.
Жендэрийн тэгш байдлыг хангаж, эмэгтэйчүүдийн оролцоог дээшлүүлсэн нөхцөлд 2025 оноос улс төрийн намуудад санхүүжилт олгох хөшүүргийг хуульчлаад байна.
Нэмж мэдээлэхэд, манай
улсад УИХ-ын 2012, 2016, 2020 оны гурван удаагийн сонгуулиар давхардаагүй
тоогоор 30 эмэгтэй парламентын гишүүнээр сонгогдон ажиллажээ.
Тэд нийтдээ 127 хуулийн
төслийг санаачилж батлуулсан байна Эмэгтэй гишүүд нэг парламентын хугацаанд
дунджаар 40 гаруй, жилд ойролцоогоор 10 гаруй хуулийн төсөл дээр ажилладаг талаар
улс төр судлаач Д.Оргил мэдээллээ .
Өргөн мэдүүлсэн гурван хууль тутмын нэг нь УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороонд хамаарч байв. Энэ нь эмэгтэй гишүүд хөдөлмөр нийгэм хамгаалал, эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарч ирсний илрэл юм хэмээн Жендэрийн Үндэсний хорооны дарга нарийн бичгийн дарга Т.Энхбаяр онцолж байна.
Сүүлийн 10 жилд болсон
УИХ-ын гурван удаагийн сонгуулиар эмэгтэйчүүд 11-13 суудал авсан нь нийт
суудлын 17.1 хүртэл хувь болж байгаа аж. Харин УИХ-ын сонгуулийн тухай хуульд
өөрчлөлт оруулж, нэр дэвших квотыг 2024 онд 30, 2028 онд 40 хувьд хүргэхээр
хуульчилсан. Гэвч бодит байдалд намуудын 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигч
эмэгтэйчүүдийн тоо эрэгтэй нэр дэвшигчдээс доогуур байна. Тухайлбал МАН-аас нэр
дэвшсэн 126 хүнээс 88 эрэгтэй, 38 эмэгтэй байгаа бол АН-ын 126 нэр дэвшигчээс
88 эрэгтэй 38 эмэгтэй, ХҮН-аас 68 хүн нэр дэвшсэний 58 нь эмэгтэй, “Үндэсний
эвсэл”-ийн 70 хүнээс 41 нь эрэгтэй, 29 нь эмэгтэй нэр дэвшигч байна.