СЭЛЭНГЭ: Хөвчийн тосгонд хясааны мөөг тариалж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-06-10 13:06:22

Сүхбаатар, 2024 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд “Бугант баян жин” нөхөрлөл хясааны мөөг тариалж эхлээд байна.

 

Мөөг нь махнаас илүү уургийн агууламжтай, эрүүл мэндийн ач тусаараа дээгүүрт ордог. Тухайлбал, мөөг нь хамгийн их хэмжээний В төрлийн витамин агуулагдахаас гадна тэр бүр хоол хүнсээрээ авч чаддаггүй Д витамин ихээр агуулдаг. Мөн тархины санах ойг дэмжиж, чихрийн шижинтэй, харвалт өгсөн хүмүүст сайнаар нөлөөлж, дархлааг дээд зэргээр сэргээж өгдөг ажээ.

 

Хясаа мөөгний тэжээлийн хамгийн тохиромжтой, тааламжтай орчин нь хусны үртэс юм.

 

Тус нөхөрлөлийн гишүүн микробиологич М.Энэбиш ярихдаа, "Бид эхэндээ лабораторийн хэмжээнд судалгаа шинжилгээ хийх явцдаа хотын ойролцоо хус ховор учраас дотор нь ялзраад хальс нь унасан хусыг ашиглаад ургуулдаг байсан. Ийм хуснаас ургуулж авсан мөөг тийм гоё биш, үнэр, амт муутай, ургацын хэмжээ сайн биш байсан.

 

Тэгээд би өөрөө Бугант тосгоны хүн учраас тэнд байдаг тэр их үртэс, байгалийн цэвэрлэгээнээс гардаг хаягдал модыг үр дүнтэй хэрэглэж, эдийн засгийн эргэлтэд оруулах юм байна гэсэн бодол төрөөд эндээ ирсэн.    

 

Бид хотод энэ ажлыг хийж байхдаа яг цэвэр хусан дээр нэг ч удаа тариалалт хийж байгаагүй. Хусаа нарс, хар модны үртэстэй холиод бага зэрэг хийж байсан. Бугантад ирээд цэвэр хусны үртэс дээр 4 сарын оролдлогын үр дүнд яг найрлага, амт, үнэрийг нь олж ургуулж чадсан” гэлээ.

 

Нөхөрлөлийнхөн эрэлт хэрэгцээ нэлээд их байгаа ч одоогоор өдөрт зөвхөн тосгондоо 1-2 кг мөөг гаргаж байгаа аж. Бугантынхан модны үйлдвэрлэл түшиглэсэн орос хүмүүс их ажилладаг байсан болохоор мөөг хэрэглэж сурчээ.

 

Одоогоор ажлын байрны асуудлаа бүрэн шийдээгүй учраас их хэмжээгээр мөөг гаргах боломжгүй байгаа юм байна. Гаргасан жаахан мөөгөө нөөцөлж байгаад 2 төрлийн дармал хийж худалдаанд гаргах бодолтой байгаа хэмээн М.Энэбиш ярилаа.

 

Үрээ бэлтгэх, мөөгөө ургуулах бэлтгэлээ хангах, тариалах үе гэсэн ерөнхий 3 дамжлага дамжаад эцэст нь мөөг бэлэн болдог байна. Одоогоор үрээс бусад 2 үйлдвэрлэлийг нэгэн зэрэг хамтад нь хийгээд явж байна.

 

Эднийх Улаанбаатар хотын “Гялс төвийн” лаборатори дээр тарьж ургуулсан үрээс худалдаж авдаг байна.

 

Лабораторийн нөхцөлд үрээ тарьж ургуулах ажил хамгийн чухал юм. Агаар вакуум орчныг маш сайн тооцож, зөв ургуулахгүй бол үрээс болж мөөгний ургалт бохирддог байна.


Үрийн шаардлага хангаагүйгээс мөөг тариалах ажилд сөргөөр нөлөөлдөг учраас Бугант тосгондоо үрээ тариалах лаборатори байгуулах бодолтой байгаагаа микробиологич бүсгүй хэллээ.

 

Цаашдаа Бугант тосгоны байгальд ургадаг эмийн чиглэлийн мөөгнөөс байгалиас дээжийг нь ургуулаад тариалах том зорилго тавьжээ.

 

Тэрбээр “Гялс” төв дээр ургуулж байгаа мөөгний үр Орос, Хятадаас жижиг хуруу шилэнд дээж авч ирээд, түүнийгээ улаан буудай дээр тариалаад их болгодог юм. Түүнийг нь бид аваад хусны үртэстэй тэжээлт орчиндоо 20 хоног ургуулдаг. 20 хоногийн дараа цагаан болдог. Энэ маань 2 сарын дараа жинхэнэ мөөг болон ургадаг. Ийм 3 дамжлага дамжаад мөөг бий болдог юм.

 

Би өөрөө микробиологич хүний хувьд жижиг лабораторид үрээ бий болгох зорилготой ажиллаж байна. Ингэхдээ эхний удаа хамгийн ойрхон ОХУ-аас сибирийн мөөгний омог авч ирж, улаан буудай дээр үрээ гаргана. Дараагийн удаа яг тосгондоо ургадаг байгалийн мөөгнөөс их омог гарган ялгаж ажиллах зорилготой байгаа.

 

Мөөг болгоны тэжээлийн орчин өөр л дөө. Гэхдээ би хусан дээр ургадаг хясаа мөөгнөөсөө тэжээл авна. Бас эмийн мөөгнүүдийг ургуулна гэж бодож зорьж явна” гэв.

 

Тариалсан мөөг 25 хоногт гардаг байна. Мөөг өөрөө хөрсөн дороо байдаг бөгөөд ил харагдаж байгааг хуурамч жимс гэдэг аж. Мөөг маш цэвэр, ариун байдалд ургадаг онцлогтой юм байна.

 

Мөөг тариалахад цуг хугацаа орохоос гадна гэрэл цахилгаан, манант орчин, хусны үртэс, элсэн чихэр гээд олон зүйл шаарддаг байна.

 

Нойтон мөөгийг хөргөгчид 7 хоног хадгалж болно. Хатааж нунтагласан мөөгийг бүтэн жилийн турш хэрэглэж болдог. Харин өндөр хэрэглээнд зориулан оливын тосонд дарсан мөөгийг 2 сарын туршид хэрэглэдэг байна. Нийтийн хэрэглээнд зориулан гаргасан мөөгийг сарын хугацаанд хэрэглэж болох ажээ.

 

“Бугант баян жин”  нөхөрлөлийн тарьж ургуулж байгаа хясаа мөөг нь дотроо 2 зүйлтэй. Тодруулбал хаан хясаа нь памбагар махлаг биетэй, дэлбэнхэн нь далбаасан навчтай аж.

 

Цаашид шарж идэхэд зориулсан маш амттай инноки буюу утаслаг мөөгийг тарихаар төлөвлөжээ.

 

 

Холбоотой мэдээ