Баянхонгор руу тогтмол нислэг үйлдэх бэлтгэлийг хангаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-06-11 14:43:41

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 11 /МОНЦАМЭ/. ЗТХ-ийн сайдын санаачилсан “Хямд тийз, хүртээмжтэй нислэг” зорилгын хүрээнд 2023 оноос орон нутгийн нислэгийг 8 аймаг руу эхлүүлээд байгаа.


Орон нутгийн нислэг үйлдэхээр МИАТ ТӨХК өнгөрсөн онд нойтон түрээсээр CRJ200 маягийн агаарын хөлөг оруулж ирсэн бол энэ онд хуурай түрээсээр, өөрсдийн нисэх багийн бүрэлдэхүүнтэй нислэг үйлдэх боломжтой CRJ700 маягийн агаарын хөлөг оруулж ирэн нислэгээ эхлүүлээд байна.


Мөн ИНЕГ, “Их богд зам” ХХК-тай энэ оны дөрөвдүгээр сард гэрээ байгуулан, Баянхонгор аймгийн “Баянхонгор” нисэх буудал руу тогтмол нислэг хийх бэлэн байдлыг хангах, 3С ангиллын аэродромын хөөрч, буух хучилттай зурвасын 21800 м2 талбайг гурван тэрбум төгрөгөөр засаж байна. Одоогоор 55 хувийг гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ирэх сарын 20-ны дотор бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Ингэснээр нислэгийн давтамж нэмэгдэх, үүнийгээ дагаад тасалбарын үнэ хямдрах боломжтой юм. Иргэний нисэхийн үндэсний төвөөс цаашид “Баянхонгор” нисэх буудлыг тухайн орон нутгийн онцлогтой нь холбон аялал жуулчлал, уул уурхай, тээвэр ложистикийн чиглэлээр хөгжүүлэх төлөвлөгөө гарган, судалж байгааг ИНЕГ мэдээлэв. 

Холбоотой мэдээ