БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит, гэргий Нали Сисүлит нарыг албан ёсоор угтан авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит энэ сарын 11-12-нд манай улсад төрийн айлчлал хийж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит, гэргий Нали Сисүлит нарыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Хоёр улсын төрийн тэргүүн Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсны дараа Ерөнхийлөгч Тонглун Сисүлит Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилэв.
Ерөнхийлөгч нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улс, БНАЛАУ-ын албаны төлөөлөгчид болон Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, Олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй мэндчиллээ. Үүний дараа төрийн тэргүүн нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч Тонглун Сисүлит Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурсан юм.
Товч намтар
1945 оны 11 дүгээр сарын 10-нд Лаосын Вант Улсын Хуапанг мужид төрсөн. 1962-1969 онд Хуапанг мужийн Лаосын Эх оронч фронтын Нео Лак Сат дахь Багшийн коллежийг төгссөн. 1973-1978 онд ЗХУ-ын Ленинградын Багшийн дээд сургуулийг хэл судлалын магистрын зэрэгтэй төгссөн. 1981-1984 онд ЗХУ-ын Нийгмийн шинжлэх ухааны академийг олон улсын харилцааны түүхийн ухааны доктор зэрэгтэй төгссөн.
1967-1969 онд Хуафанг мужийн Лаосын Эх оронч фронтын Боловсролын газарт ахлах ажилтан, 1969-1973 онд Вьетнамын Ханой хот дахь Лаосын Эх оронч фронтын Төлөөлөгчийн газарт ахлах ажилтан, 1978-1979 онд Вьентьян хотын Багшийн их сургуульд профессор, 1979-1981 онд Боловсролын сайдын Нарийн бичгийн дарга, Боловсролын яамны Гадаад харилцааны хэлтсийн дарга, 1985-1986 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Олон нийттэй харилцах газрын дарга, 1987-1992 онд Гадаад хэргийн дэд сайд, 1993-1996 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, 1997-2001 онд Үндэсний Ассамблейн гишүүн, Гадаад харилцааны газрын дарга, 2001-2006 онд Үндэсний Ассамблейн гишүүн, Ерөнхий сайдын орлогч бөгөөд Төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын хорооны дарга, 2006-2016 онд Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд, 2016-2021 онд Ерөнхий сайд, 2021 оны нэгдүгээр сараас БНАЛАУ-ын Ардын Хувьсгалт Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга, 2021 оны гуравдугаар сараас БНАЛАУ-ын Ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байна.
Орос, вьетнам, англи хэлтэй. Гэргий, гурван хүүхэдтэй.