ХӨВСГӨЛ: Аймгийн музейд бөө, удганы ховор эд зүйлс хадгалагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-06-13 15:16:37

Мөрөн, 2024 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн музейд алдартай 10 бөө, удганы хэрэглэж байсан хуяг, дээл, гутал, хэнгэрэг  цан, хуур зэрэг эд зүйлс хадгалагдаж байна.


Бөө зайран, удган нар бөөлөхдөө тусгай өмсгөл, малгай, гутал өмсөж, хэнгэрэг, цохиур, таяг, хуур, толь хэрэглэдэг.

Дархад,  цаатан,  урианхай нарын үндсэн шүтлэг нь бөө мөргөл учраас тэдний дунд олонд алдартай, ид шидтэй, үе дамжсан бөө зайран, удган олон байдаг байжээ.


Тэдний нэг бол 1890 оны үед Баянзүрх сумын Хайс хавиар нутаглаж байсан Баглаа удган юм. Баглаа удганыг гучин гурван хурмастын орон дахь гал хар тэнгэр, оч хар тэнгэр хоёрыг эзэгнэн төрсөн цорын ганц удган гэж үздэг байжээ.


Хөвсгөл аймгийн Төв музейд 10 гаруй бөө удганы хувцас хэрэглэл хадгалагдаж байгаа бөгөөд бүгд амьтай гэж судлаачид үздэг.


Тухайлбал, Рэнчинлхүмбэ сумын уугуул Охинжий удганы цаатан дээлийг гадаа гаргаад сэгсрэхэд бороо ордог байсан байна. Эдгээр ховор эд зүйлсийг Хөвсгөл аймгийн Төв музейгээс үзэж сонирхох боломжтой юм.


Аялал жуулчлалын улирал эхэлж буйтай холбогдуулан Хөвсгөл аймгийн Төв музей зуны хуваарьт шилжиж бямба, ням гарагт тогтмол ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ