Нийслэлд шинэ орон сууцны нэг м.кв-ын дундаж үнэ дөрвөн сая төгрөгт хүрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Нийслэл хотод шинэ орон сууцны нэг м.кв талбайн дундаж үнэ 4.02 сая төгрөг болж өссөн байна.
Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 11.9, өмнөх сарынхаас 1.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Орон сууцны үнийн индекс сүүлийн гурван сард тогтмол нэмэгдэж байгаа бөгөөд зах зээл дэх хуучин орон сууцны үнийн өсөлт нөлөөлж байгааг мэргэжилтнүүд онцолжээ. Үнийн хувьд нэг м.кв талбайн үнэ нь 2.8 - 4.02 сая төгрөг байгаа юм. Баянгол, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.17 сая төгрөгийн үнэтэй байна.
Тэгвэл хуучин орон сууцны үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.7 хувиар өсжээ. Сүхбаатар дүүрэгт хуучин орон сууцны нэг м.кв талбайн дундаж үнэ 4.62 сая төгрөг буюу хамгийн өндөр үнэтэй байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт 2.74 сая төгрөгийн үнэтэй байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.
Үүнээс гадна оны
эхний таван сард 514.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон нь өмнөх оны мөн
үеийнхтэй харьцуулахад 55 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Ипотекийн зээлд жилд
хамгийн ихдээ 700 тэрбум төгрөг олгодог байсан бол Үндэсний баялгийн сангийн
тухай хууль батлагдсанаар хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөг гаргаж, нийт эх
үүсвэр 1.2 их наяд төгрөг болоод байгаа юм.