“Риогийн олимп миний дуранд” гэрэл зургийн үзэсгэлэнгээс

ФОТО МЭДЭЭ
gerelzurag1@montsame.mn
2016-10-08 16:26:55
https://www.facebook.com/chadraabal

“Риогийн олимп миний дуранд” гэрэл зургийн үзэсгэлэнгээс

Ч.Ганбат "Рио-2016" наадмын 64 онцгой агшинг танилцуулж байна

Бразилийн Рио Де Жанейро хотноо болсон Зуны XXXI олимпийн наадмыг сурвалжилсан Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ч.Ганбатын “Рио-2016 олимп миний дуранд” үзэсгэлэн  өчигдөр буюу энэ сарын 07-нд  “Blue mon” арт галерейд нээлтээ хийлээ.

Олимпийн мөнгө, хүрэл медаль хүртсэн Д.Сумъяа, Д.Отгондалай нарын медалийн индэр дээр үеэс эхлээд, Монгол улсын гавьяат тамирчин Г.Мандахнарангийн барилдааны торгон мөч зэрэг 64 онцгой агшныг харуулсан энэхүү үзэсгэлэн энэ сарын 10-ныг хүртэл үзэгчдийн хүртээл болно.

Энэ үзэсгэлэнд дан ганц Монгол тамирчдын бус, сагсан бөмбөг, хөнгөн атлетик, усанд сэлэлт, дугуй гээд олимпийн наадмын гол гол төрлүүдийн торгон агшныг харуулж буйгаараа онцлог юм. Олимпийн наадмыг сурвалжлах нь спортын гэрэл зурагчдын мөрөөдөл. Миний хувьд энэхүү мөрөөдлөө гурван удаа биелүүлээ хэмээн Ч.Ганбат хуучлав.

Ч.Ганбат нь 20 гаруй жил гэрэл зурагчнаар ажиллахдаа, “Хонконг 2009” Зүүн Азийн наадам, “Токио 2010” Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, “Гуанжоу-2010” Азийн зуны спортын XVI наадам, “Парис-2011” Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, “Тяньжин-2013” Зүүн Азийн наадам, “Инчён-2014” Азийн зуны спортын XVII наадам болон Лондон, Сочи, Рио-гийн олимпийг сурвалжилжээ.

Тэрбээр Ц.Батзориг агсны нэрэмжит “Оны шилдэг гэрэл зураг-2006” уралдааны Спортын сэдэвт төрлийн тэргүүн байр, Монголын гэрэл зурагчдын холбооны “Оны шилдэг гэрэл зураг-2007” уралдаанд чөлөөт сэдвээр тэргүүн байр, “Пресс фото-2012” “Оны шилдэг гэрэл зураг”-ийн уралдааны Гранпри шагнал хүртэж, 2012 онд Монголын үндэсний олимпийн хорооны “Олимпийн алдар” одон, 2014 онд Алтангадас одонгоор тус тус шагнагдсан юм.

Сэтгэгдлүүд