Нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүргэхэд анхаарах шаардлагатай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Улс төрийн нам эвсэл, нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүргэх тал дээр анхаарах шаардлагатай байгааг ХЭҮК-ын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн Б.Чулуундолгор илэрхийллээ.
Сонгогч хэдий чинээ хүртээмжтэй мэдээлэлтэй байна, төдий чинээ сонголтоо зөв хийхэд нөлөөлдөг тул уулзалтуудад ч мөн ялгаагүй тэдгээр иргэнийг оролцуулахад анхаарах хэрэгтэй. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй сонгогчийн улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх нь зүйтэй. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлж байж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох эрхийг бүрэн эдлүүлэх боломж бүрдэнэ гэж тэрбээр үзэж байна.
Улсын хэмжээнд 115 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Тэд нийт сонгогчийн 7 орчим хувийг бүрдүүлдэг. Монгол Улсад зохион байгуулсан ээлжит болон ээлжит бус сонгуулиудад хөгжлийн бэрхшээлтэй 6 иргэн нэр дэвшиж байв. Үүнээс орон нутгийн сонгуульд тэргэнцэртэй нэг иргэн нэр дэвшиж сонгогдсон нь улсын хэмжээнд хангалтгүй үзүүлэлт юм гэж тэрбээр ярилаа.