Иргэдээс ирүүлдэг гомдлууд давтагдсаар байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-10-09 00:02:35

Өвөрхангай аймгийн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд өнгөрсөн 7 хоногт 51 иргэн ханджээ. Тэдгээрийн 33 нь төрийн үйлчилгээтэй холбоотой мэдээлэл авч, 18 нь гомдол тавьсан байна.

Иргэдээс ирүүлсэн гомдол нь багш нар сурагчдаас мөнгө татаж байгаа, РС тоглоомын газар хүүхдүүдийг хяналтгүй тоглуулж байгаа, эмч нарын ёс зүйгүй харилцаа хандлага, тог цахилгааны мөнгийг нэмж бичсэн, төлбөрөө төлсөн байхад тасласан гэх зэрэг байнга давтагддаг асуудлууд үргэлжилсэн байв.

БОЭТ-ийн дугаар олголт ачаалалтай байна, хүүхдийнхээ шүдийг авахуулах гэж 14 хоног явлаа гэсэн иргэний гомдлын мөрөөр шалгахад тус эмнэлэг нь шүдний ганц эмчтэй, өдөрт 18 өвчтөн хүлээн авч нэг хүнд 20-25 минут зарцуулдаг учраас амждаггүй гэсэн байна.

Мөн зарим багийн ус түгээх худгийн орчин тойрон бохир байгаагаас ундны ус эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна, дэлгүүрүүд хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн зарж байна гэсэн шүүмжлэл ирсний дагуу аймгийн МХГ-аас хяналт тавьж, тухайн цэгийн эздэд хугацаатай үүрэг даалгавар өгчээ.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ